USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Дижитал алтны зах зээлд 700 тэрбум ам.долларын шинэ эрэлт бий болох боломжтой
Эдийн засаг

Дижитал алтны зах зээлд 700 тэрбум ам.долларын шинэ эрэлт бий болох боломжтой

Итгэлцэл, хүртээмж, хэрэглээ болон үнийн саадыг арилгаснаар дижитал алтны зах зээл эрчимтэй тэлэх боломжтойг олон улсын шинэ судалгаа онцоллоо.

Дижитал алтны зах зээлд 700 тэрбум ам.долларын шинэ эрэлт бий болох боломжтой

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 20

Хуваалцах:

Дижитал алтны зах зээлийн өнөөгийн үнэлгээ 45–55 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын оролцоог хязгаарлаж буй гол саадыг арилгаж чадвал урт хугацаанд 700 тэрбум ам.долларын нэмэлт эрэлтийг бий болгох боломжтой байна. Гэхдээ энэ нь ойрын хугацаанд заавал хэрэгжих зах зээлийн таамаглал бус, харин өнөөгийн саад бэрхшээлийг арилгасан нөхцөлд үүсэж болох эрэлтийн тооцоо юм. Дэлхийн алтны зөвлөл (World Gold Council, WGC) болон Boston Consulting Group (BCG)-ийн хамтран боловсруулсан “Digital Gold: Unlocking a $700bn Opportunity” тайланг 2026 оны аравдугаар сарын 19-нд танилцуулжээ. Судалгаанд дэлхийн 12 мянга гаруй жижиглэнгийн хөрөнгө оруулагчаас санал авч, салбарын 20 мэргэжилтэнтэй ярилцсан байна. Тайланд дурдсанаар, судалгаанд оролцсон хөрөнгө оруулагчдын бараг 10 хүн тутмын ес нь тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд дижитал алтанд хөрөнгө оруулах боломжтой гэж хариулжээ. Энэ нь зах зээлийн өсөлтийг хязгаарлаж буй гол асуудал хөрөнгө оруулагчдын сонирхол дутмаг байгаад бус, харин бүтээгдэхүүнд итгэх итгэл, худалдан авах хүртээмж, ашиглах боломж болон зардалтай холбоотойг харуулж байна. Дэлхийн алтны зөвлөлийн үндсэн хувилбарын тооцоогоор дижитал алтны зах зээл жилд дунджаар 27 хувиар өсөж, 2031 он гэхэд 160–170 тэрбум ам.долларын хэмжээнд хүрэх боломжтой. Харин зах зээлийн хөгжлийг хязгаарлаж буй саад бэрхшээлийг илүү хурдан арилгаж чадвал энэ үзүүлэлт 270–280 тэрбум ам.долларт хүрч болох юм. Ингэхдээ 700 тэрбум ам.долларын боломжит эрэлт болон 2031 оны зах зээлийн таамгийг ялгаж ойлгох нь чухал. Эхний үзүүлэлт нь урт хугацаанд бий болж болох нийт нөөц эрэлтийг илэрхийлж байгаа бол дараагийн тоонууд нь ойрын таван жилийн хугацаанд зах зээл ямар хэмжээнд хүрч болохыг харуулсан хувилбарууд юм. Дижитал алт нь биет алтыг худалдан авах, хадгалах, эзэмших үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлдэг. Үүнд тусгай хадгаламжийн байгууллагад байршуулсан биет алтыг цахим дансаар эзэмших болон алтны тодорхой хэмжээтэй уялдсан токен худалдан авах зэрэг бүтээгдэхүүн багтана. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь хөрөнгө оруулагчдад алтыг бүхэл гулдмайгаар худалдан авах шаардлагагүйгээр бага хэмжээгээр эзэмших боломж олгодог. Мөн цахим платформоор дамжуулан хөрөнгөө удирдах, зарим тохиолдолд арилжаалах боломжийг бүрдүүлдэг. Гэхдээ дижитал алт нь өөрөө нэг төрлийн бүтээгдэхүүн биш бөгөөд эзэмшигчийн эрх, биет алтны баталгаа, хадгалалтын нөхцөл, эргүүлэн авах боломж нь үйлчилгээ үзүүлэгч болон бүтээгдэхүүний бүтцээс хамааран ялгаатай байдаг. Дижитал алтны өсөлтийн чухал тал нь өмнө нь алт эзэмшиж байгаагүй хүмүүсийг зах зээлд татах боломж юм. Тайлангийн тооцоогоор, ашиглагдаагүй боломжит эрэлтийн ойролцоогоор 65 хувь нь өмнө нь алтанд хөрөнгө оруулж байгаагүй хүмүүсээс бүрдэх аж. Мөн дижитал алтны хөрөнгө оруулагчдын 52 хувь нь анх удаа дижитал алт худалдан авахын өмнө алтны өөр төрлийн хөрөнгө оруулалт эзэмшдэггүй байсан байна. Эдгээр шинэ хэрэглэгчдийн 92 хувь нь дараа нь алтны бусад хэлбэрийг худалдан авсан гэж судалгаанд дурджээ. Энэ нь дижитал алт уламжлалт алтны гулдмай, зоос болон алтанд суурилсан биржийн бүтээгдэхүүний эрэлтийг зүгээр л орлох бус, алтны зах зээлд шинэ хэрэглэгч, шинэ хөрөнгө оруулалт авчрах боломжтойг харуулж байна. Дэлхийн алтны зөвлөлийн үндсэн хувилбарын тооцоогоор, 2031 он хүртэл алтны зах зээлд шинээр бий болж болох эрэлт ойролцоогоор 95 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Энэ тооцоо нь бусад алтны бүтээгдэхүүнээс дижитал алт руу шилжих хөрөнгийг ялган тооцсон үзүүлэлт юм. Насны бүлгээр авч үзвэл, 25–34 насныхны дунд дижитал алтны талаарх мэдлэг, ойлголтын түвшин 50 хувьтай байгаа бол 55-аас дээш насныхны дунд 23 хувьтай байна. Энэ нь цахим санхүүгийн үйлчилгээнд илүү дассан залуу хэрэглэгчид зах зээлийн цаашдын өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж болохыг илтгэж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000