Алтны үнэ сүүлийн жилүүдэд огцом өсч түүхэн дээд рекордуудыг олон удаа шинэчлэн тогтоосон ч Ойрхи Дорнодын геополитикийн хямрал, дайны нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн 2 сарын хугацаанд үнэ огцом хэлбэлзсээр байна. Тодруулбал, 1 унц алтны үнэ энэ оны 2 дугаар сард 5109 (сарын хамгийн өндөр түвшин) ам.доллар, 3 дугаар сард 5279 (сарын хамгийн өндөр түвшин) ам.доллар хүрч өсч байсан бол 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар 4750 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Дэлхий нийтээр 2026 онд алтны үнийн өсөлт цаашид тогтвортой байх эсэх дээр олон янзын, нэгдмэл биш таамаглалууд дэвшүүлсээр байна. Ирээдүйн төлөвийн талаар ярихаас өмнө сүүлийн жилүүдийн үнийн огцом өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийг тодруулья.
Нэгдүгээрт. Дэлхийн улс орнуудын Төв банкнууд ялангуяа бүс нутаг болон дэлхийн эдийн засагт нөлөө бүхий Хятад, Энэтхэг, АНУ зэрэг улсууд гадаад валютын нөөцөө төрөлжүүлэх зорилгоор алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа нь зах зээл дээр эрэлтийг огцом өсгөсөн. Тэд одоогийн олон улсын гео улс төр болон гео эдийн засгийн хямралт нөхцөл байдлыг 3-4 жилийн өмнөөс урьдчилан харж байсан байж болзошгүй гэж зарим судлаачдын зүгээс таамаглаж байна.
Хоёрдугаарт. Ойрхи Дорнод болон Орос-Украины дайн зэрэг томоохон мөргөлдөөнүүд нь хөрөнгө оруулагчдыг "эрсдэлгүй бүс" буюу алт руу хөрөнгөө шилжүүлэхэд хүргэсээр байна. Энэ нь дайны бодит нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгийн үнэ цэнийн түвшнийг алдагдуулахгүй байх зайлшгүй сонголт болсон. Цаасан мөнгөний үнэ цэнэ буурах (инфляци) үед алт нь үнэ цэнээ хадгалдаг цорын ганц найдвартай хөрөнгө гэж тооцогддог.
Гуравдугаарт. АНУ-ын инфляци саарч, Төв банк нь бодлогын хүүгээ бууруулж эхлэх хүлээлт үүсэхэд алтны үнэ өсдөг. Учир нь хүү буурахад ам.долларын ханш суларч, алт эзэмших нь илүү ашигтай болдог гэж үздэг.
Эдгээр хүчин зүйлс нь алтны үнийг одоо ч огцом уналтаас аварч байгаа бөгөөд цаашид ч 2026 онд зах зээл дээр үнийн хүчтэй хэлбэлзэл буюу шок үүсгэхээргүй байна. Хэдийгээр 3 дугаар сарын сүүлчээс үнэ 6-8 орчим хувиар буурсан ч эргээд өсөлт үзүүлж, ханш харьцангуй тогтворжиж байна.
Монгол улсын тухайд 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар 1 грам алт 529,195 төгрөгөөр арилжаалагдаж байна. Энэ нь 2026 оны 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн үнээс бага зэрэг буюу 15000 орчим төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Гэхдээ энэ сарын 3 дахь 7 хоногоос алтны үнэ эргээд өсөх төлөвтэй байна.
Дүгнэж хэлэхэд 2026 онд алтны үнэ тогтвортой бөгөөд огцом биш ч алгуур өсөлтөө хадгалсаар байх төлөвтэй байна.

