Эдгээр төслүүд нь цахилгаанжуулалт болон эрчим хүчний шилжилтээс үүдэлтэйгээр зэсийн эрэлт тасралтгүй өсөж буй энэ үед үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх BHP-ийн өсөлтийн төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Төслүүдийг хэрэгжүүлэх эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр хараахан гараагүй байгаа хэдий ч Worley компани нь Олимпик Дэм дэх block cave (агуучлах) аргаар олборлолт явуулах боломж болон түүнийг дагасан дэд бүтэц, мөн Каррапатинагийн гүний уурхайн үйл ажиллагаа болон баяжуулах дэд бүтцийг өргөтгөх боломжуудын судалгаа, EPCM үйлчилгээг төслийн олон үе шатанд зэрэг гүйцэтгэх юм.
Төслийн эхний шатны ажлуудад зориулсан анхан шатны EPCM үйлчилгээнүүд эхэлсэн байна.
Worley компани нь Австрали дахь багийнхаа тусламжтайгаар бүрэн хэмжээний гүйцэтгэлээр хангах бөгөөд үүнд салбартаа тэргүүлэгч инженерчлэлийн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид, Worley-ийн дэлхийн нэгдсэн баг, мөн БНХАУ болон Чили улс дахь салбарууд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.
Энэхүү гэрээ нь Worley компани эрчим хүчний шилжилтийн гол түүхий эд болох зэс зэрэг стратегийн ач холбогдолтой өсөлтийн зах зээлд үргэлжлүүлэн анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Worley компанийн Гүйцэтгэх захирал Chris Ashton “BHP компанийн Өмнөд Австрали дахь зэсийн үйлдвэрлэлээ өсгөх зорилтод тогтвортой дэмжлэг үзүүлж байгаадаа бид баяртай байна. Манай баг гүний уурхайн олборлолт, баяжуулалт болон томоохон төслийн гүйцэтгэлийн арвин туршлагатай бөгөөд эдгээр мега төслүүдийг урагшлуулахын тулд BHP болон Өмнөд Австралийн дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлсэн байна.
Дашрамд дурдахад EPCM гэдэг нь Engineering, Procurement, and Construction Management гэсэн англи үгсийн товчлол бөгөөд энэ нь уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн өргөн ашиглагддаг гэрээний болон төслийн удирдлагын хэлбэр юм.



