Канад улсын хэмжээнд одоогийн байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 200 орчим уурхай байдаг бөгөөд Канадын Байгалийн нөөцийн газрын албан ёсны мэдээллээр, эдгээр уурхайнуудад нийт 60 гаруй нэр төрлийн ашигт малтмал, металл олборлодог.
Тус улсын уул уурхайн салбарт шууд болон шууд бусаар нийт 710,000 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд уурхайнуудад ажлын байр хангалттай байгаа ч, уул уурхайн мэргэжлийг сонгох залуусын тоо дэндүү цөөн байгаа нь салбарынхны толгойны өвчин болоод байна.
Канадын уул уурхайн салбарын хүний нөөцийн зөвлөлийн (MiHR) 2026 оны хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын тайланд дурдсанаар, тус салбарт 2035 он гэхэд хамгийн багадаа 246,000 гаруй шинэ ажилтан нэн шаардлагатай болох тооцоо гарчээ. Хэрэв салбарын өргөжилт төлөвлөснөөс илүү далайцтай явагдвал энэ хэрэгцээ бараг 329,000-д хүрэх хандлагатай байна.
Энэхүү асар өндөр эрэлт хэрэгцээ нь зөвхөн шинээр уурхайнууд нээгдэж байгаатай холбоогүй байна. Харин салбарын хэмжээнд ахмад ажилтнууд олноор тэтгэвэрт гарч байгаа болон ажиллах хүчний ердийн урсгал (ажлаас гарах хөдөлгөөн) нь орон тоог нөхөх маш том ачааллыг компаниудад үүсгэж байна.
Канадын уул уурхайн салбарын хүний нөөцийн зөвлөлөөс саяхан 15-24 насны канад залуусын дунд явуулсан санал асуулгаар тэд уул уурхайн салбарыг өндөр цалин, өсөж дэвжих боломжтой гэж үздэг ч, нөгөө талаар алслагдмал бүс нутаг, аюулгүй байдлын эрсдэл, ажил-амьдралын тэнцвэргүй байдал гэсэн сөрөг тодотголтой шууд холбон ойлгодог байна.
Түүнчлэн, боловсролын салбарт ч энэ асуудлыг анхаарах шаардлагатай тулгарч байгаа юм байна. Канадын их дээд сургуулиудын геошинжлэх ухааны бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн тоо 2014-2020 оны хооронд уналт үзүүлж, даруй 42%-иар буурчээ. Энэ нь жилийн 4,800 оюутнаас 2,800 болж цөөрсөн үзүүлэлт юм.
Өөр нэгэн судалгаагаар ашигт малтмалын хайгуулын чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн 62% нь дээд сургуульд элсэхээсээ өмнө уул уурхайн салбарын талаар ямар ч ойлголтгүй байжээ.
Энэхүү хямралыг давахын тулд салбарын холбоод болон компаниуд боломжит шийдлүүдийг боловсруулж байна. Тэд залууст уул уурхайн салбарыг бүр эртнээс таниулахын тулд ерөнхий боловсролын сургуулийн түвшинд сурталчилгааг идэвхжүүлэх, сургуулиуд болон компаниудын түншлэлийг ойртуулах, дадлага хийх хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, мөн орчин үеийн уул уурхайн давуу талуудыг илүү сайн сурталчлахыг уриалж байгаа юм.
Өөрөөр хэлбэл өнөөдөр Канадад уул уурхайн ажлын байр дутагдаагүй, харин хамгийн том сорилт бол дараагийн шинэ үеийнхнийг энэ салбарт хөл тавихад нь итгүүлж, үнэмшүүлэх явдал болоод байна.



