Үүнд төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын гангийн эрэлт сул байгаа болон Гвиней улсын Симанду төслөөс нийлүүлэх хүдэр нэмэгдэх төлөв голлон нөлөөлж байна. Ройтерс агентлагийн өнөөдрийн мэдээллээр Хятадын Далянь түүхий эдийн биржийн хамгийн идэвхтэй арилжаалагдсан төмрийн хүдрийн фьючерсийн үнэ 0.82 хувиар буурч, тонн нь 669 юань буюу 99.95 ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2024 оны есдүгээр сарын 24-нөөс хойших хамгийн доод үзүүлэлт юм. Мөн Сингапурын бирж дээр арилжаалагдаж буй арваннэгдүгээр сарын нийлүүлэлттэй төмрийн хүдрийн фьючерсийн үнэ 0.66 хувиар буурч, тонн нь 89.85 ам.доллар болсон нь мөн 2024 оны есдүгээр сараас хойших хамгийн доод түвшин болжээ. Хятадын гангийн хэрэглээний гол салбаруудын нэг болох барилгын салбарын идэвх сул байгаа нь төмрийн хүдрийн эрэлтэд дарамт үзүүлж байна. Улирлын хувьд гангийн эрэлт нэмэгдэх хүлээлттэй үе боловч бодит хэрэглээ сул байгаа тул ган үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхдээ болгоомжтой хандаж байна. Үүний зэрэгцээ Гвиней улсын Симанду уурхайн төслийн олборлолт, нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байгаа нь зах зээл дэх төмрийн хүдрийн нийлүүлэлтийг өсгөх хүчин зүйл болж байна. Шинэ нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр эрэлт хангалттай өсөхгүй тохиолдолд үнийн буурах дарамт үргэлжлэх эрсдэлтэй гэж Zhengxin Futures компанийн шинжээчид үзжээ. Хэдийгээр төмрийн хүдрийн үнэ буурч байгаа ч Хятадын импортын хэмжээ өндөр хэвээр байна. Тус улс 2026 оны эхний есөн сард нийт 954.97 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Одоогийн импортын хурдаар Хятадын жилийн нийт импорт түүхэн дээд хэмжээнд хүрэх боломжтой байна. Гэвч импортын хэмжээ өсөж байгаа нь гангийн эцсийн хэрэглээ мөн адил нэмэгдэж байна гэсэн үг биш юм. Гангийн үйлдвэрүүдийн ашигт ажиллагаа муудаж, барилгын салбарын эрэлт сулрах үед үйлдвэрлэгчид түүхий эдийн худалдан авалтаа хязгаарлаж, агуулахын нөөцөө удирдах замаар үйлдвэрлэлийн зардлаа бууруулахыг эрмэлздэг. Түүнчлэн төмрийн хүдэртэй хамт ган үйлдвэрлэхэд ашигладаг коксжих нүүрсний үнэ 3.67 хувь, коксын үнэ 2.62 хувиар буурсан байна. Шанхайн фьючерсийн бирж дээр арматурын үнэ 0.59 хувь, халуун цувимал гангийн үнэ 0.43 хувиар тус тус буурчээ.

Эдийн засаг
АНУ-ын инфляцын мэдээллийн дараа алтны үнэ 1.8 хувиар буурлаа
Спот алтны үнэ тухайн өдөр 1.8 хувиар буурч, нэг трой унц нь 4,083.94 ам.долларт хүрчээ. Энэ нь аравдугаар сарын 7-ноос хойших хамгийн доод түвшин бай
Эдийн засаг3 мин


