Тус компани БНХАУ-ын Hunanмужид байрлах туршилтын үйлдвэр болон судалгааны төвийнхөө тасралтгүй судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөрийн хүрээнд манганд зориулсан тусгай хандлагч болон түүнтэй холбоотой боловсруулах технологийг хөгжүүлсэн байна.
Firebird компани нь 5N (99.999% цэвэршилттэй) манганы сульфатыг амжилттай үйлдвэрлэсэн анхны компаниудын нэг болж байгаа бөгөөд энэ нь тус компанийг батерейны өндөр цэвэршилттэй материалын инновацийн салбарт тэргүүлэгч байр сууринд аваачиж байна гэж үзэж байна.
Тус шинэ технологи нь фтор ашигладаггүй тул фторт тэсвэртэй тусгай тоног төхөөрөмж шаардлагагүй бөгөөд фтор агуулсан хортой хаягдал үлдэгдэл үүсэхээс бүрэн сэргийлдэг. Мөн бага агуулгатай хүдэр, хаягдал материал болон хаягдал ус зэрэг манган агуулсан олон төрлийн түүхий эдийг боловсруулах чадвартай юм байна. Технологийн процесс нь тасралтгүй, автомат горимоор ажиллахаар зохион бүтээгдсэн бөгөөд Firebird компани уг технологийг 2027 он дуустал арилжааны хэлбэрт шилжүүлэх замын зургаа гаргахаар төлөвлөж байна.
Манган үйлдвэрлэгчдийн ашгийн маржин нь хольцыг цэвэршүүлэх техникийн нарийн төвөгтэй байдал болон боловсруулалтын зардлаас шалтгаалан ихэвчлэн буурдаг бол фторгүй боловсруулах технологийн хувьд ийм асуудал үүсэхгүй гэж компани тайлбарлав. Түүнчлэн хэт өндөр цэвэршилттэй манганы сульфат нь батерейны дэвшилтэт материалын өртгийн сүлжээн дэх бүтцийн хомсдолтой байдлаасаа шалтгаалан ердийн батерейны зэрэглэлийн материалаас 33%-ийн үнийн нэмэгдэлтэйгээр худалдаалагддаг байна.
Firebird компанийн ойрын хугацааны гол зорилго бол Перт хотод байгуулах Австралийн анхны манганы баяжмалыг өндөр цэвэршилттэй манганы сульфат болон батерейны материал болгон боловсруулах туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулах явдал юм. Энэхүү үйлдвэр нь манганы хүдрээс өндөр бүтээмжтэй катодын идэвхт материал гаргаж авах бүрэн технологийн дамжлагыг харуулсан Firebird-ийн одоогийн ажиллаж буй туршилтын байгууламж дээр суурилан баригдах юм.
Энэхүү илүү том хэмжээний туршилтын байгууламж нь Oakover-ийн хүдрийг ашиглан технологийг Австралийн нөхцөлд туршиж баталгаажуулах юм байна.
Firebird Metals компани нь Баруун Австралид нийт 234 сая тонн манганы нөөцийг эзэмшдэг бөгөөд үүнээс хамгийн том нь 9.9%-ийн манганы агуулга бүхий 176 сая тонн нөөцтэй Оуковер (Oakover) төсөл юм.



