Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ баррель нь 107 ам.долларт хүрч, Индонез улс хэрэглээнийхээ дийлэнх хувийг импортоор авсаар байгаа энэ үед уг төлөвлөгөө нь дотоодын нүүрсийг автобензин болон дизель түлшний нийлүүлэлт рүү чиглүүлэх зорилготой юм байна. Индонезийн Эрчим хүч, эрдэс баялгийн яамны зүгээс Зүүн Калимантан мужийн Зүүн Кутай дүүргийн Батута химийн аж үйлдвэрийн паркад хэрэгжиж буй Үндэсний стратегийн төслийг энэхүү санаачилгын тулгуур багана гэж тодорхойлсон байна. Уг төсөл нь нүүрс хийжүүлэх технологийг ашиглан метанол гаргаж авах бөгөөд түүнийгээ синтетик түлшний холимогт түүхий эд болгон ашиглах юм. Тус үйлдвэрийн шав тавих ёслол 2026 оны 9 дүгээр сарын 1-нд болж, барилгын ажил албан ёсоор эхэлсэн байна. Тус үйлдвэр нь килограмм тутамдаа 3300-3400 килокалори илчлэгтэй нүүрсийг жилд 7.70-7.78 сая тонныг боловсруулах хүчин чадалтай байх юм. Хэвлэлүүдийн мэдээлж буй хүчин чадал, хугацааны тоонууд бага зэрэг зөрүүтэй байна. Hydrocarbon Processing сэтгүүлийн 2026 оны 7-р сарын мэдээгээр, PT Bumi Etam Chemical нь БНХАУ-ын CNCEC компанитай инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт, ашиглалтад оруулах (EPCC) гэрээнд гарын үүсгэг зурсан гэжээ. Тус мэдээнд төслийн өртгийг 2.3 тэрбум ам.доллар, метанолын анхны хүчин чадлыг жилд 2 сая тонн, урт хугацааны зорилтот түвшнийг 3.6 сая тонн гэж дурдсан байна. Харин Antara агентлаг үйлдвэрийг 2029 онд ашиглалтад оруулахаар зорьж байна гэсэн бол Liputan6 суваг жилд 2 сая тонн метанол үйлдвэрлэснээр жил бүр хүртэл 7.1 их наяд рупигийн гадаад валютыг хэмнэнэ гэж тооцоолжээ. Мөн метанолын импорт 2025 онд тус улсын дотоодын хэрэгцээний 68%-ийг бүрдүүлж байсан бөгөөд Индонез улс B50 биодизель хэрэглээгээ өргөжүүлэхийн хэрээр метанолын эрэлт улам бүр нэмэгдэх төлөвтэй байна. Үйлдвэрлэлийн явцад дагалдах бүтээгдэхүүн болгон хүхрийн хүчил гарах аж. Тус яам энэхүү санаачилгыг Ерөнхийлөгч Прабово Субиантогийн үндэсний эрчим хүч, хүнсний бие даасан байдлыг хангах чиглэлтэй холбон тайлбарлаж байна. Ерөнхийлөгч 9 дүгээр сарын 19-нд Зүүн Ява мужийн Понорого дахь Гонтор исламын сургуульд үг хэлэхдээ, Индонез улс далдуу модны тосноос дизель түлш, бензин гаргаж авч чадсан бөгөөд цаашид нүүрснээс ч мөн адил бензин үйлдвэрлэх болно гэж мэдэгдэж байв. Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Бахлил Лахадалиа өмнө нь хэлэхдээ, түүний ажлын алба эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах талаарх ерөнхийлөгчийн чиглэл бүрийг хэрэгжүүлнэ гэсэн юм. Нүүрсийг шингэрүүлэх (coal-to-liquid) технологи нь дэлхий дахинд хэдийнэ нэвтэрсэн бөгөөд ХБНГУ-ын түүхэн туршлага болон өдөрт орчим 300,000 баррель түлш үйлдвэрлэдэг Өмнөд Африкийн Sasol компанийн үйл ажиллагаа үүний жишээ гэдгийг яамнаас дурджээ.

Казахстаны нүүрсний экспортод хүндрэл учирч байна
Азов-Хар тэнгисийн сав газрын боомтуудаар дамжих Орос, Казахстаны нүүрсний экспорт 2026 оны 8 дугаар сараас хойш үндсэндээ бүрэн зогссон. Тээвэрлэгчид


