Эдүгээ хайгуулын технологийн дэвшил болон салбарынхны сонирхол нь Европын хамгийн бага судлагдсан энэхүү далайн офшор бүсийг дахин анхаарлын төвд авчирж байна.
Норвегийн Офшор Директорат (Norwegian Offshore Directorate)-ын мэдээлснээр Норвегийн тэнгисийн баруун Vøring болон Møre сав газрын базальт тогтоцын доор их хэмжээний нүүрстөрөгчийн нөөц байх магадлалтай аж.
Эдгээр бүс нутгийг 1994 онд газрын тосны үйл ажиллагаанд зориулан нээсэн боловч галт уулын чулуулгийн зузаан давхарга нь хайгуулын ажилд төвөгшил учруулж байсан тул үндсэндээ хайгуулын ажил хийгдээгүй өнөөдрийг хүрсэн байна.
Норвегийн Офшор Директоратын Хайгуул хариуцсан орлогч захирал Вака Антонсдоттир 10-р сарын 15-ны өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ “компаниуд базальтын доорх хайгуулыг сонирхож байгаад баяртай байна. Эдгээр талбайнууд нь Норвегийн эх газрын шельфийн хамгийн бага судлагдсан бүсэд тооцогддог бөгөөд тэнд асар их хэмжээний нээгдээгүй нөөц байж болно гэж” дурджээ.
Эдүгээ технологийн дэвшил болон газрын тосны салбарын сэргэж буй сонирхол нь энэ байдлыг өөрчилж магадгүй байна.
Эдгээр базальт тогтоцууд нь урьд цагт Норвеги болон Гренланд улс геологийн хувьд салж, Хойд Атлантын далай үүсэх явцад явагдсан галт уулын хүчтэй дэлбэрэлтийн улмаар үүссэн түүхтэй. Эдгээр давхаргууд нь газрын тос хуримтлагдсан байж болох илүү эртний геологийн тогтоцуудыг дээрээс нь бүрхсэн байдаг.
Гэвч базальт нь урт хугацааны турш хайгуулын ажлын техникийн гол саад тотгор байсаар ирсэн. Түүний физик шинж чанар нь сейсмийн дохиог гажуудуулдаг тул галт уулын чулуулгийн доор боломжит тосны агуулах байгаа эсэхийг тогтооход хүндрэл учруулдаг байна. Үүний үр дүнд, Норвегийн эх газрын шельфийн бусад хэсэгт олон арван жилийн турш газрын тосны үйл ажиллагаа идэвхтэй явагдсан боловч Норвегийн тэнгисийн баруун хэсэг тэр чигтээ дутуу судлагдсан хэвээр үлджээ.
Норвегийн 2026 оны Нөөцийн тайланд хөрсний доорх дүрслэлийг сайжруулах нь эдгээр бүс нутаг дахь хайгуулын ажлыг идэвхжүүлэх гол хөдөлгүүр болно гэдгийг тэмдэглэсэн бөгөөд технологийн дэвшил нь яваандаа энэ бүсийг Европын хамгийн сонирхолтой хайгуулын талбар болгож чадна гэж үзэж байна. Гэсэн хэдий ч олборлож болох нөөцийн хэмжээг нарийн тогтооход геологийн мэдээлэл хангалтгүй байгаа тул энэхүү боломж нь тодорхойгүй хэвээр байна.
Үүнтэй холбоотойгоор салбарын томоохон төлөөлөгчид болох Equinor, Aker BP, Harbour Energy, TGS болон EMGS компаниуд галт уулын тогтоцын доор хайгуул хийх техникийн шийдлүүдээ танилцуулсан байна.
Далайн ёроолын сейсмийн судалгаа, долгионы бүтэн инверси болон цахилгаан соронзон аргууд зэрэг шинээр гарч ирж буй технологиуд нь урьд өмнө базальтад хаагдаж, харагддаггүй байсан геологийн бүтцийг илрүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
Мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар сейсмийн өгөгдлийг тайлбарлах нь нарийн төвөгтэй геологийн дата мэдээллээс үнэтэй мэдээллийг ялган авахад улам дөхөм болж байгаа аж.
Хайгуулын сонирхол дахин сэргэж байгаа нь Норвегийн газрын тосны салбарын хувьд туйлын эгзэгтэй цаг үед таарч байна. Норвегийн Офшор Директоратоос хэрэв шинэ орд илрүүлж, хөгжүүлэлтийн шинэ төслүүдийг эхлүүлэхгүй бол хуучин ордуудын олборлолт буурч, улмаар 2030 оноос хойш Норвегийн эх газрын шельфийн нийт олборлолт эрс буурах болно гэдгийг анхааруулсан.
Норвегийн хайгуулын ирээдүй нь Европын эрчим хүчний аюулгүй байдалд мөн чухал нөлөөтэй. Оросын дамжуулах хоолойн хийн нийлүүлэлт эрс багассаны дараа Норвеги улс Европын байгалийн хийн гол нийлүүлэгч болон гарч ирсэн.
Ирэх арван жилүүдэд энэ байр сууриа хадгалахын тулд тасралтгүй хөрөнгө оруулалт хийх, одоо байгаа ордуудын олборлолтыг сайжруулах болон шинэ нээлтүүд хийх шаардлагатай. Норвегийн тэнгисийн базальт тогтоцын доорх боломжит нөөцүүд яваандаа энэхүү нийлүүлэлтийн бааз суурьт хувь нэмэр оруулах боломжтой ч арилжааны зориулалтаар ашиглаж эхэлтэл олон жил шаардагдах болно. Шинэ нээлтүүдийг олборлолтод нэвтрүүлэхийн өмнө хайгуулын өрөмдлөг, нөөцийн үнэлгээ, дэд бүтцийн хөгжүүлэлт болон зохицуулах байгууллагын зөвшөөрөл зэрэг олон шат дамжлага хэрэгтэй.



