Тус компанийн мэдээлснээр, өрөмдлөгийн явцад нийт 2.9 километрийн урттай эртний голдирлын дагуу ураны эрдэсжилт илэрсэн байна. Өрөмдлөгийг Намибийн EPL 8995 тусгай зөвшөөрлийн талбайд байрлах “Paleo East” хэмээх эртний голдирлын бүсэд хийжээ. Нийт арван өрөмдлөгийн шугамын зургаад нь ураны эрдэсжилт илэрсэн бөгөөд тэдгээрийн хооронд нэмэлтээр өрөмдсөн дөрвөн цооногт мөн ураны илрэл бүртгэгдсэн байна. Компанийн мэдээллээр, эрдэсжилт илэрсэн бүх интервал газрын гадаргаас таван метрийн дотор эхэлсэн нь төслийн цаашдын судалгаанд чухал үзүүлэлт болж байна. Тухайлбал, R057 дугаартай цооногт газрын гадаргаас эхлэн 6 метрийн зузаантай, ураны исэл (U₃O₈)-ийн 102 ppm агуулгатай эрдэсжилт илэрчээ. Мөн R003 цооногт газрын гадаргаас дөрвөн метрийн гүнд 262 ppm агуулгатай ураны эрдэсжилт бүртгэгдсэн байна. Arkle Resources-ийн гүйцэтгэх захирал Рори Хардингийн тайлбарласнаар, одоогийн өрөмдлөг нь эртний голдирлын дагуух ураны эрдэсжилтийн тархалтыг тогтоох, геологийн бүтцийг илүү нарийвчлан ойлгох зорилготой байжээ. Тус компани Paleo East голдирлын нийт уртын дөрөвний нэг хүрэхгүй хэсгийг одоогоор судалсан тул цаашид хайгуулын талбайг өргөжүүлэх боломж байгааг онцолсон байна. Дараагийн шатанд компани өмнөх өрөмдлөгийн мэдээлэлд үндэслэн эрдэсжилт илэрсэн хэсгүүдэд илүү ойр зайтай өрөмдлөг хийх, үлдсэн 9.8 километрийн урттай голдирлын хэсгийг нэмэлт өрөмдлөгөөр шалгах, мөн сувагчилсан дээжлэлт болон геологийн зураглал хийхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ төслийн бусад тусгай зөвшөөрлийн талбай дахь эртний голдирлуудыг судлах ажил үргэлжлэх юм. Өрөмдлөгийн эхний шатны үр дүн нь Эронго төслийн Paleo East бүсэд ураны эрдэсжилт гадаргад ойр, тодорхой урттай бүсэд тархсан байгааг судалжээ. Гэхдээ эдгээр үр дүн нь одоогоор хайгуулын шатны мэдээлэл бөгөөд ордын нийт нөөц, эдийн засгийн үр ашиг, олборлолтын боломжийг баталгаажуулахын тулд нэмэлт өрөмдлөг, лабораторийн шинжилгээ болон нарийвчилсан үнэлгээ шаардлагатай юм.

Уул уурхай
“Kodal Minerals” Гана улсад литийн шинэ орд хайх төслийг эхлүүлнэ
Тус компани уг төслийн 80 хүртэлх хувийн эзэмшлийг үе шаттайгаар авах эрхтэй болсон бөгөөд эхний шатны хайгуулын ажлыг эхлүүлээд байна. Асаманкесэ төс
Уул уурхай3 мин


