Bloomberg агентлагийн нийтэлсэн АНУ-ын Түүхий эдийн фьючерсийн арилжааны комисс (CFTC)-ийн мэдээллээр, 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар хөшүүрэг ашигладаг хөрөнгө оруулалтын сангууд Японы иений фьючерс болон опционы зах зээлд нийт 138 мянга орчим цэвэр шорт гэрээ эзэмшиж байгаа нь сүүлийн 19 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Үүний зэрэгцээ ам.долларын эсрэг иенийн ханш 162 иен орчимд хүрч, 1986 оноос хойших хамгийн сул түвшинд хүрээд байна. Харин олон улсын зах зээлд алтны үнэ унц тутамдаа 4,100 ам.долларыг давж, түүхэн өндөр үнэлгээнд хүрээд байгаа юм.
Эдгээр хоёр үзүүлэлт зэрэгцэн өсөж буй нь зах зээлийн оролцогчдын анхаарлыг татаж байна. Учир нь өмнөх ижил төрлийн нөхцөл байдал үүсэх үед алт болон бусад түүхий эдийн зах зээлд хүчтэй савлагаа ажиглагдаж байсан түүхтэй.
Японы Төв банк бодлогын хүүгээ зургаадугаар сард 1 хувь болгон нэмэгдүүлсэн нь сүүлийн 31 жилийн хамгийн өндөр түвшин боловч АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүү 3.50-3.75 хувийн түвшинд хэвээр байгаа юм. Энэхүү хүүний зөрүү нь хөрөнгө оруулагчдыг бага хүүтэй иенээр санхүүжилт татаж, өндөр өгөөжтэй ам.долларын хөрөнгөд хөрөнгө оруулах "carry trade" стратегиа үргэлжлүүлэхэд хүргэж байна.
Иенийн ханшийн уналтыг зогсоохын тулд Японы Сангийн яам дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын хооронд нийт 11.73 их наяд иен буюу 72.7 тэрбум ам.долларын валютын интервенц хийсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн том дэмжлэг болсон. Гэвч энэ арга хэмжээ ханшийг тогтворжуулж чадалгүй, иен цаашид ч сулрах хандлагаа хадгалжээ.
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэхдээ шинжээчид 2024 оны наймдугаар сарын үйл явдлыг сануулж байна.
Тухайн үед Японы хөрөнгийн зах зээлийн гол индекс болох Nikkei нэг өдрийн дотор 12.4 хувиар унаж, хэлбэлзлийн индекс (VIX) 65-аас давсан нь дэлхийн санхүүгийн зах зээлд хүчтэй дарамт үүсгэсэн юм.
Энэ үед алтны үнэ ердөө гуравхан хоногийн дотор унц тутамдаа 2,476 ам.доллараас 2,367 ам.доллар хүртэл огцом буурсан. Энэ нь алтны эрэлт буурсантай холбоотой биш, харин хөшүүрэгтэй хөрөнгө оруулагчид маржин дуудлагын шаардлагыг биелүүлэхийн тулд хамгийн хөрвөх чадвартай хөрөнгөө буюу алтаа зарж эхэлсэнтэй холбоотой байв.
Үүнтэй зэрэгцэн Bitcoin, технологийн салбарын томоохон хувьцаанууд ч мөн хүчтэй уналт үзүүлсэн.
Гэвч зах зээлийн айдас намжмагц алт хамгийн түрүүнд сэргэж, тухайн өдрийн арилжаагаа дахин 2,400 ам.доллараас дээш түвшинд хаасан байна.
Харин үйлдвэрлэлийн эрэлтээс илүү хамааралтай мөнгө, зэс, газрын тос зэрэг түүхий эдүүд илүү удаан хугацаанд дарамтад үлдсэн бөгөөд уул уурхайн компаниудын хувьцаа металлын үнэ болон хөрөнгийн зах зээлийн уналтын давхар нөлөөгөөр илүү хүчтэй савласан юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар одоогийн нөхцөл байдал 2024 оноос хэд хэдэн чухал зүйлээр ялгаатай байна.
Нэгдүгээрт, Японы Засгийн газар аль хэдийн түүхэн хэмжээний валютын интервенц хийсэн боловч иенийн ханшийг хамгаалж чадаагүй. Энэ нь цаашид дахин хүчтэй интервенц хийх боломж хэр үлдсэн бэ гэсэн асуултыг бий болгож байна.
Хоёрдугаарт, Японы Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж олон арван жилийн дээд түвшин рүү өсөж байгаа нь Японы Төв банкны мөнгөний бодлогын сонголтыг улам хязгаарлаж байна.
Гуравдугаарт, зах зээл дээрх иений шорт байр суурь өмнөх удаагийнхаас ч илүү том хэмжээнд хүрээд байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйл гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч зах зээл ойрын хугацаанд Японы Төв банк бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх магадлалыг өндөр гэж үнэлж байгаа бөгөөд өмнөх шиг хүчтэй савлагаа дахин зайлшгүй болно гэж үзэхэд эрт байгаа юм.
Шинжээчдийн үзэж буйгаар хэрэв иенийн "carry trade" эмх замбараагүйгээр задарвал хамгийн түрүүнд дарамтад орох хөрөнгө нь алт байх магадлал өндөр байна. Учир нь алт нь хөрвөх чадвар хамгийн өндөртэй активуудын нэг бөгөөд хөрөнгө оруулагчид бэлэн мөнгө босгох шаардлагатай үед хамгийн түрүүнд худалдах боломжтой хөрөнгө хэвээр байна.
Гэхдээ энэ нь алтны урт хугацааны суурь эрэлт сулрахыг илэрхийлэхгүй. Харин эсрэгээрээ дэлхийн төв банкууд алтны нөөцөө үргэлжлүүлэн нэмэгдүүлж байгаа бөгөөд институцийн хөрөнгө оруулагчдын эрэлт ч өндөр хэвээр байна.
Иймээс богино хугацаанд алт огцом унасан ч суурь хүчин зүйлүүд өөрчлөгдөөгүй тохиолдолд үнэ харьцангуй хурдан сэргэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Одоогоор хөрөнгө оруулагчдын анхаарал долдугаар сарын сүүлээр болох Японы Төв банкны мөнгөний бодлогын хурлын шийдвэр болон АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн ээлжит тайланд төвлөрч байна. Эдгээр хоёр үйл явдал зэрэгцэн зах зээлд хүчтэй нөлөөлсөн тохиолдолд алт, мөнгө, зэс зэрэг түүхий эдийн үнэ дахин өндөр савлагаатай нүүр тулж болзошгүй юм.



