S&P Global-аас гаргасан "Хиймэл оюун ухааны эрин үе дэх зэс: Цахилгаанжуулалтын сорилтууд" хэмээх сүүлийн үеийн судалгаанд дурдсанаар, энэхүү тэнцвэргүй байдал нь "дэлхийн үйлдвэрлэл, технологийн дэвшил, эдийн засгийн өсөлтөд системчилсэн эрсдэл" учруулж байна.
Зэс бол орчин үеийн хөгжлийн өсөлтийг хөтөлж буй технологиудын суурь үндэс боловч эрэлт нь нийлүүлэлтийн хариу үйлдэл үзүүлэх хурдаас хавьгүй илүү хурдан өсөж байна. Уг судалгаагаар дэлхийн зэсийн эрэлт 2040 он гэхэд 42 сая тоннд хүрч, одоогийн түвшнээс 50%-иар өсөх төлөвтэй байна. Энэхүү өсөлт нь цахилгаанжуулалтын эрчимтэй хурдацтай шууд холбоотой юм. Зөвхөн цахилгаан эрчим хүчний эрэлт л гэхэд энэ хугацаанд бараг 50%-иар өсөх төлөвтэй байна. Энэхүү эрэлтийг хангахын тулд 2040 он хүртэл жил бүр ойролцоогоор 330 Хувер далан (Hoover Dam) эсвэл 650 гаруй нэг гигаваттын хүчин чадалтай цөмийн реактортой тэнцэх хэмжээний эх үүсвэрийг шинээр нэмэх шаардлагатай бөгөөд энэхүү тэлэлт нь зэсийн өндөр хэрэглээтэй дэд бүтцээс ихээхэн хамаарна. Эрэлтийн өсөлтийг уламжлалт эдийн засгийн хэрэглээ болон эрчим хүчний шилжилтийн технологиуд тэргүүлж байна.
• Эдийн засгийн суурь эрэлт: Барилга, цахилгаан хэрэгсэл, тээвэр, эрчим хүч үйлдвэрлэл зэрэг уламжлалт хэрэглээ нь зэсийн хэрэглээний хамгийн том хувийг эзэлсээр байх болно. Эдгээр салбаруудын хэрэглээ 2040 он гэхэд 23 сая тоннд хүрч, нийт эрэлтийн 53%-ийг эзлэх төлөвтэй байна.
• Эрчим хүчний шилжилт ба цахилгаанжуулалт: Эрчим хүчний шилжилт нь зэсийн эрэлтийн хамгийн хурдан өсөж буй эх үүсвэр юм. Үүнд цахилгаан автомашин, батерейны хуримтлуур, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал, цахилгаан дамжуулах сүлжээний дэд бүтэц, хөгжиж буй зах зээлүүдийн цахилгаанжуулалт орно. Эдгээр хэрэглээ нийлээд 7 сая гаруй тонноор өсөж, 2040 он гэхэд 15.7 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Зөвхөн энэ хоёр ангилал л гэхэд эрэлтийг бэлэн байгаа нийлүүлэлтээс 7 сая гаруй тонноор давуулахаар байна.
Хиймэл оюун ухаан болон дата төвүүд эрчимтэй тэлж, 2040 он гэхэд нийт суурилагдсан хүчин чадал нь ойролцоогоор 550 гигаватт хүрэх төлөвтэй байгаа нь 2022 оны түвшнээс тав дахин их байна. Үүний зэрэгцээ, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа тул дэлхийн батлан хамгаалахын зардал хоёр дахин өсөж, 6 их наяд ам.долларт хүрч магадгүй юм.
Хиймэл оюун ухаан, дата төв болон батлан хамгаалах салбарын нийт эрэлт ойролцоогоор гурав дахин өсөж, зэсийн эрэлтэд 4 сая тонныг нэмж үүсгэхээр байна.
Мөн уг судалгаанд тав дахь эрэлтийн хүчин зүйл байж болох "хүн дүрст робот" (humanoid robots)-ыг онцолжээ. Энэ нь одоогоор эхний шатандаа байгаа ч 2040 он гэхэд 1 тэрбум хүн дүрст робот ашиглалтад орвол жил бүр ойролцоогоор 1.6 сая тонн зэс шаардагдах бөгөөд энэ нь одоогийн эрэлтийн 6%-тай тэнцэх юм.
Эрэлтийн ирээдүй ийм өндөр байгаа ч нийлүүлэлт дутагдах төлөвтэй байна. Дэлхийн зэсийн үйлдвэрлэл 2030 онд 33 сая тоннд хүрч оргилдоо хүрээд, дараа нь буурах төлөвтэй байна.
2040 он гэхэд үүсэх зөрүү нь 10 сая тоннд хүрэх бөгөөд энэ нь төсөөлж буй эрэлтээс ойролцоогоор 25%-иар бага байна.
Дахин боловсруулсан зэсийн нийлүүлэлт өнөөгийн 4 сая тонноос 2040 он гэхэд 10 сая тонн болж хоёр дахин нэмэгдсэн ч энэхүү хомсдол үүсэхээр байна.
Эрэлтийг хангах нь анхдагч зэсийн үйлдвэрлэл, ялангуяа шинэ уурхайн төслүүд болон одоо байгаа хөрөнгүүдийг өргөжүүлэхээс ихээхэн хамаарна. Судалгаагаар 2040 он гэхэд анхдагч нийлүүлэлтээс дахин 10 сая тонн шаардлагатай гэж үзжээ.
Гэсэн хэдий ч томоохон хөрөнгө оруулалт хийхгүй бол дэлхийн анхдагч нийлүүлэлт 22 сая тонн болж буурч, одоогийн түвшнээс ч доошилж болзошгүй юм.
Шинэ нийлүүлэлтийг хөгжүүлэхэд үлэмж хэмжээний сорилтууд тулгарч байна. Уул уурхайн үйл ажиллагаанд хүдрийн агуулга буурах, зардал өсөх, олборлолтын нөхцөл улам нарийн төвөгтэй болох, байгаль орчныг хамгаалагчдын эсэргүүцэл болон зохицуулалтын урт удаан үйл явцууд саад болж байна. Дунджаар шинэ зэсийн уурхай нээгдсэнээс эхлээд үйлдвэрлэлээ эхлүүлэх хүртэл 17 жил шаардагддаг.
Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн сүлжээний бүтэц нь асуудлыг улам нарийн төвөгтэй болгож байна. Уурхайн олборлолтын бараг гуравны хоёр нь ердөө зургаан улсад төвлөрч байгаа бөгөөд боловсруулах хүчин чадал нь бүр ч илүү төвлөрөлтэй байна.
Хятад улс дэлхийн хайлуулах хүчин чадлын ойролцоогоор 40%, зэсийн баяжмалын импортын 66%-ийг дангаараа бүрдүүлж байгаа нь системийг тасалдал, бодлогын өөрчлөлт, худалдааны хязгаарлалтад өртөмтгий болгож байна.
Засгийн газрууд зэсийг стратегийн нөөц баялаг гэж улам бүр хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн улс орнууд, тухайлбал 2025 онд АНУ зэсийг "чухал металл" хэмээн зарласан.
Зэс нь технологи, эдийн засгийн дэвшлийг үргжлүүлэн дэмжигч байх уу, эсвэл хөгжлийн гацаа болох уу гэдэг нь дэлхийн аж үйлдвэр болон бодлого боловсруулагчид хэр хурдан, үр ашигтай хариу арга хэмжээ авахаас хамаарна гэжээ.



