Энэ шийдвэр нь Израилын зүгээс Ливанд дахин цохилт өгсний дараа гарсан бөгөөд Иран, АНУ-ын хооронд өрнөж буй энхийн хэлэлцээрт ноцтой саад учруулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Версалийн ордонд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан ч Ираны энхийн хэлэлцээр тогтворгүй хэвээр байна. Израил болон Хезболлагийн хооронд шинэ мөргөлдөөн гарсан талаар мэдээлэгдэж байгаа юм.
Израилын Батлан хамгаалах хүчин (IDF)-ий мэдээлснээр Хезболла бүлэглэл Израилын цэргүүд рүү шөнийн цагаар довтолсон байна. Үүний хариуд Израил Ливанд цохилт өгсөн бөгөөд лхагва гарагаас хойш хэдэн арван хүн амиа алджээ. Харин Ираны албаныхан эдгээр үйлдлийг энхийн гэрээний ноцтой зөрчил гэж үзэж байна.
Ираны төлөөлөгчид “санамж бичгийн хамгийн чухал заалт нь бүх фронтод дайны ажиллагааг зогсоох явдал байсан. Гэвч эсрэг тал үүргээ биелүүлээгүй нь гал зогсоох хэлэлцээрийг илт зөрчсөн хэрэг” хэмээн мэдэгдэв.
Иран улс Израилын довтолгооны улмаас бямба гарагт Хормузын хоолойг хаасан гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч АНУ-ын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан “Ираны Хувьсгалт гвард (IRGC) тус хоолойг бүрэн хаах боломжгүй, учир нь тэд уг усан замыг хянадаггүй” гэж Fox News-т ярьжээ.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Хормузын хоолойн нөхцөл байдал сайжирч байгааг онцолж, “Сүүлийн 24 цагийн хугацаанд Хормузын хоолойгоор 16 сая баррель газрын тос тээвэрлэгдсэн нь дайн эхлэхээс өмнөх түвшинд бараг хүрсэн үзүүлэлт” гэж мэдэгдсэн байна.
Энэ бүх нөхцөл байдлын улмаас Швейцарт баасан гарагт болохоор төлөвлөгдөж байсан хэлэлцээ ням гараг хүртэл хойшлогджээ. Вэнсийн мэдээлснээр АНУ-ын төлөөлөгчид болох Жаред Кушнер болон Стив Уиткофф нар аль хэдийн Швейцарт хүрсэн байна.
Тэрээр “Би ойрын хэдэн өдөрт очно гэж бодож байна. Бид газар дээр нь очиж, асуудлыг бодитоор шийдвэрлэх шаардлагатай” гэж хэлжээ.
Иран улс хэлэлцээнд төлөөлөгчдөө илгээхээ баталгаажуулсан бөгөөд Катар, Пакистаны зуучлагчид мөн оролцох төлөвтэй байна.
Хормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хамгийн чухал гарцуудын нэг бөгөөд уг бүс нутагт үүссэн аливаа хурцадмал байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлөх эрсдэлтэй юм.



