2026 оны аравдугаар сарын 5–16-нд Тайландын Бангкок хотод зохион байгуулсан тус худалдаагаар санал болгосон 99 багцаас 90-ийг нь борлуулсан байна. Ингэснээр багцын борлуулалтын хувь 90.9 хувьд хүрчээ. Энэ удаагийн дуудлага худалдаагаар нийт 102,099 карат түүхий бадмаараг санал болгосноос 92,153 каратыг худалдсан байна. Нэг каратын дундаж борлуулалтын үнэ 564.54 ам.долларт хүрчээ. Худалдаанд янз бүрийн хэмжээ, чанартай бадмаараг багтсан бөгөөд ялангуяа том хэмжээтэй, чанар сайтай чулуунууд өндөр үнээр борлуулагдсан байна. Gemfields компанийн бүтээгдэхүүн, борлуулалт хариуцсан захирал Адриан Бэнксийн мэдээлснээр, энэ удаагийн худалдааны үр дүн нь бадмаарагны зах зээлд янз бүрийн хэмжээ, чанарын бүтээгдэхүүний эрэлт тогтвортой байгааг харуулжээ. Тэрээр мөн ховор, чанартай бадмаарагт худалдан авагчид өндөр үнэ төлөх сонирхолтой байгааг онцолсон байна. Гэхдээ энэ удаагийн худалдааны хэмжээ өмнөх зарим дуудлага худалдаанаас бага байжээ. Үүнд олборлолтын үйл ажиллагаанд тулгарсан хүндрэлүүд болон компаниас 2026 оны зургаадугаар сараас нэвтрүүлсэн “Сонгосон ангиллын худалдаа” хэмээх шинэ арга барил нөлөөлжээ. Энэхүү аргачлалаар бадмаараг чулууг чанар, төрөл, ангиллаар нь ялган тус тусад нь худалдаалж, худалдан авагчдад хэрэгцээндээ тохирсон бүтээгдэхүүн сонгох боломж олгодог байна.Шинэ арга барил нь олборлолтын бодит хэмжээ болон зах зээлийн эрэлттэй уялдуулан дуудлага худалдааны хугацаа, бүтээгдэхүүний бүтцийг төлөвлөхөд чиглэж байгаа юм. Худалдан авагчид Бангкок хотод чулууг биечлэн үзэж танилцсаны дараа цахим худалдааны платформоор дамжуулан битүүмжилсэн үнийн санал ирүүлжээ. Дуудлага худалдаагаар борлуулсан бадмаараг нь Мозамбик улсын Монтепуэзийн бадмаарагны уурхайгаас олборлосон бүтээгдэхүүн байв. Тус уурхайг ажиллуулдаг “Монте́пуэз Руби Майнинг” компанийн 75 хувийг Gemfields, үлдсэн 25 хувийг Мозамбикийн “Мвирити” компани эзэмшдэг. Дуудлага худалдааны орлогыг Мозамбик дахь уурхай ажиллуулагч компанид шилжүүлэх бөгөөд борлуулалтын нийт үнэд үндэслэн тус улсын Засгийн газарт төлөх ашигт малтмал ашигласны төлбөрийг тооцох юм. Өмнөх дуудлага худалдаануудтай харьцуулахад энэ удаагийн борлуулалтын орлого өндөр түвшинд хадгалагдсан байна. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сарын худалдаагаар 53 сая ам.долларын орлого олж байсан бол аравдугаар сарын худалдаагаар 52 сая ам.долларын орлого олжээ. Харин нэг каратын дундаж үнэ хоёрдугаар сарын 279.39 ам.доллараас 564.54 ам.доллар болж өссөн байна. Гэхдээ худалдаанд санал болгосон чулууны хэмжээ, чанар өөр байсан тул үнийн өсөлтийг зах зээлийн эрэлт дангаараа бий болгосон гэж дүгнэх боломжгүй юм.

Аж үйлдвэр
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн зураг төслийг боловсруулна
Төслийг хэрэгжүүлснээр цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлыг 252 МВт-аар, дулаан үйлдвэрлэх хүчин чадлыг цагт 300 Гкал-аар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдээ
Аж үйлдвэр2 мин


