“Рио Тинто” компани Баруун Австралиас олборлосон төмрийн хүдрийг Япон улс руу анхны тээвэрлэлтийг хийснээс хойш 60 жилийн дараа Пилбара бүс нутгаас дэлхийн зах зээлд 8 тэрбум дахь тонн төмрийн хүдрээ экспортолсон байна.
Энэхүү тээвэрлэлтийг гүйцэтгэсэн Juno Horizon хөлөг онгоц 5 дугаар сарын 19-ний өдөр Cape Lambert боомтоос хөдөлж, Рио Тинтогийн урт хугацааны түншүүдийн нэг болох Nippon Steel Corporation корпорацийг зорьсон байна.
Энэхүү тээвэрлэлт нь Пилбара бүсэд 60 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсны үр дүн бөгөөд "Рио Тинто" компани Пилбарагаас анхны төмрийн хүдрийн тээвэрлэлтээ 1966 оны 8 дугаар сард Япон улс руу илгээж байсан байна.
8 тэрбум тонн төмрийн хүдэр нь Перт хотын Perth Optus цэнгэлдэх хүрээлэнг 161 мянган ширхэгийг, Tokyo Skytree цамхгийг 134 мянга ширхэгийг, эсвэл Бээжингийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн-Шувууны үүрийг 46 мянган ширхэгийг барихад шаардагдах ганг үйлдвэрлэхэд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ гэдгийг “Рио Тинто” компаниас зүйрлүүлэн тайлбарласан байна.
“Рио Тинто” компанийн төмрийн хүдрийн бизнес хариуцсан Гүйцэтгэх захирал Matthew Holcz хэлэхдээ, Пилбара бүсээс 8 тэрбум тонн төмрийн хүдэр тээвэрлэсэн нь гайхалтай амжилт бөгөөд энэ нь өнгөрсөн 60 жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаа, дэд бүтэц, орон нутгийн хамтын ажиллагааг цогцлоон хөгжүүлж, тогтвортой авч явсан үе үеийн ажилтан, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрийн баталгаа юм гэж хэлсэн байна.
Тэрээр үргэлжлүүлэн: “Бид үе үеийн Засгийн газруудад тасралтгүй дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлье. Мөн Пилбара бүс нутгийн Уугуул иргэдийн бүлгүүдэд байнгын түншлэл, хамтын ажиллагаа болон бидэнтэй хуваалцсаар ирсэн мэдлэг туршлага, зөвлөгөө удирдамж, байгаль хамгааллын манлайлалд нь гүнээ талархаж байна.
Япон улс бол “Рио Тинто”-гийн төмрийн хүдрийн экспортын анхны худалдан авагч байсан бөгөөд энэхүү түншлэл нь өнөөдөр ч манай бизнесийн тулгын чулуу хэвээр байна. Дэлхийн гангийн эрэлт нэмэгдэж байгаа тул бид ирэх арван жилүүдэд Пилбара дахь үйл ажиллагаа болон орон нутгийн иргэдэд хөрөнгө оруулалт хийсээр байх болно” хэмээн хэлсэн байна.
“Рио Тинто” компани нь мөн дэлхийн том, хараахан ашиглаж эхлээгүй байгаа төмрийн хүдрийн ордуудын нэг болох Rhodes Ridge төслийн судалгааны ажлыг урагшлуулж байгаа бөгөөд тус ордын 50 хувийг эзэмшдэг. Урт хугацаандаа энэхүү төсөл нь жилд ойролцоогоор 100 сая тонн өндөр чанартай төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай, дэлхийн түвшний уул уурхайн зангилаа төв болох боломжтой юм.



