Хурал болох үетэй давхцаж Рио Тинто компани Перт дэх оффисын ажилтнуудынхаа 20 хүртэлх хувийг цомхотгож магадгүй гэх мэдээлэл гараад байсан.
Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт компанийн дэлхий даяарх үйл ажиллагааг улам бүр оновчтой болгож, олон тэрбум долларын зардал хэмнэх, хөрөнгө борлуулах болон бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрээр одоогийн байдлаар 650 сая ам.долларын бүтээмжийн үр ашгийг гаргаад байгаа бөгөөд цаашид хөрөнгө борлуулах болон үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх замаар компанийн үндсэн хөрөнгөөс 5-10 тэрбум ам.долларыг чөлөөлнө гэж хэлсэн байна. Харин Саймон Тротт офиссын ажилтнуудын тодорхой хэсгийг ажлаас чөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээ болон хугацааны талаар тайлбар өгөхөөс татгалзсан боловч уурхайн буюу frontline ажлын байруудыг хэвээр хадгалахын зэрэгцээ дэлхий даяарх бүх салбар нэгжүүдийнхээ үйл ажиллагааг оновчтой болгож байгаагаа хэлсэн байна. Хурлын дараа тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Бид өнгөрсөн жил шийдвэр гаргалтын процессыг аль болох үйл ажиллагааныхаа цөм голомт руу ойртуулах төлөвлөгөөг танилцуулсан. Энэ нь компанийг илүү хүчирхэг, илүү энгийн болгох, бүтцийн нарийн төвөгтэй байдлыг багасгах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох болон шийдвэр гаргалтад ажилтнуудын оролцоог хангах зорилготой юм” гэв.
Рио Тинтогийн энэхүү бүтцийн өөрчлөлт нь зах зээлийн тогтворгүй байдал болон геополитикийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед зардлаа танах, компанийн бүтцээ хялбарчлах, эрчим хүчний шилжилтэд чухал шаардлагатай металлуудын олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна.



