Тус компани ил уурхайн хүдрийн агуулга буурч, олборлолтын зардал нэмэгдэж байгаатай холбоотойгоор далд уурхайн олборлолтыг өргөжүүлэх хувилбарыг судалж байгаа юм. Өмнөд Африкийн Лимпопо мужид байрлах Mogalakwena уурхай нь Valterra Platinum компанийн гол хөрөнгө бөгөөд 80 гаруй жилийн ашиглалтын нөөцтэй. Гэвч ил уурхайн олборлолтын явцад хүдрийн агуулга буурах нь нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардлыг нэмэгдүүлж байгаа тул компанийн зүгээс газрын гүнд байрлах өндөр агуулгатай хүдрийн биетийг ашиглах боломжид анхаарч байна. Тус төслийг Sandsloot гэж нэрлэж байгаа бөгөөд далд уурхайн олборлолтын туршилтыг 2026 оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг 2027 онд гаргах юм. Компанийн санхүү хариуцсан захирал Саюри Наидугийн хэлснээр, далд олборлолтод шилжих нь урт хугацаанд зардлын хувьд хамгийн үр ашигтай хувилбар гэж үзэж байна гэв. Mogalakwena уурхайг далд олборлолтод шилжүүлэх нь Valterra Platinum компанийн хувьд стратегийн чухал алхам болно. Тус компани 2025 оны зургаадугаар сард Anglo American группээс тусгаарлагдсанаас хойш хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэг нь энэ юм. Далд уурхайн төсөл хэрэгжсэнээр өндөр агуулгатай хүдрийн сая сая унц нөөцийг ашиглах боломж бүрдэх төлөвтэй байна. Өмнөд Африк дэлхийн платин бүлгийн металлын нөөцийн бараг 80 хувийг эзэмшдэг бөгөөд Valterra Platinum нь тус улсын үнэ цэнээр хэмжигдэх хамгийн том платин бүлгийн металл үйлдвэрлэгч юм. Иймээс Mogalakwena уурхайн цаашдын хөгжил нь компанийн үйлдвэрлэлийн ирээдүй төдийгүй дэлхийн зах зээлийн нийлүүлэлтэд ч нөлөөлөх боломжтой. Гэхдээ платин бүлгийн металлын эрэлтийн төлөвт тодорхойгүй байдал бий. Эдгээр металлыг уламжлалт байдлаар бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины утааны хорт бодисыг бууруулах катализаторт өргөн ашигладаг. Харин цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь энэ төрлийн эрэлтийг урт хугацаанд бууруулах эрсдэлтэй.Valterra Platinum компанийн удирдлагууд цахилгаан автомашины хэрэглээний өсөлтийг өмнөх таамгууд хэт өөдрөгөөр үнэлсэн гэж үзэж байгаа бөгөөд дотоод шаталтат хөдөлгүүртэй болон хосолмол хөдөлгүүртэй автомашинууд ойрын олон жил зах зээлд чухал байр суурь эзэлнэ гэж тооцоолж байна. Мөн устөрөгчөөр ажилладаг тээврийн хэрэгслийн хөгжил нь ирээдүйн эрэлтийн нэг эх үүсвэр болж болох юм. Үүнээс гадна хиймэл оюун ухааны хөгжлийг дагасан дата төв, дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь платин бүлгийн металлын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ боломж гэж компанийн удирдлагууд үзэж байна.

Уул уурхай
Antofagasta компанийн зэсийн үйлдвэрлэл гуравдугаар улиралд 7%-иар өсөж, 2026 оны төлөвөө хэвээр хадгаллаа
Оны эхний есөн сарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 8.3%-иар буурсан байна. Тус компани жилийн эцсийн үйлдвэрлэлийн төлөвөө хэвээр хадгалж, 2026 о
Уул уурхай2 мин


