USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Зэсийн салбарын өрсөлдөөн эрчимжиж байна
Эдийн засаг

Зэсийн салбарын өрсөлдөөн эрчимжиж байна

Дэлхийн уул уурхайн салбарт өрнөж буй "Зэсийн төлөөх өрсөлдөөн" нь зэсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ буюу 14,000 ам.доллар/тонн давж өссөн явдал болон эрчим хүчний шилжилт, AI дата төвүүдийн урьд өмнө байгаагүй өндөр эрэлтээс үүдэлтэй юм.

Зэсийн салбарын өрсөлдөөн эрчимжиж байна

Б.Мөнхбат

2026 оны аравдугаар сарын 15

Хуваалцах:

Шинээр орд хайж, уурхай барихад дунджаар 10-15 жил түүнээс ч урт хугацаа шаардагддаг тул уул уурхайн томоохон компаниуд бэлэн үйлдвэрлэл, нөөцийг худалдаж авах Мега-Нэгдэл (M&A) хийхээр тэрбум тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зэсийн салбарт цутгаж байна. 

Энэхүү стратегийн өрсөлдөөнд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь BHP групп бөгөөд тэд энэ салбарт тогтоосон хаанчлалаа бататгахын тулд зах зээл дээр идэвхтэй байр суурь баримталж байна. Өнөөдрийн байдлаар BHP групп нь уул уурхайн салбарын хамгийн өндөр буюу 215.9 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компани хэвээр байна. Тус группын 2026 оны санхүүгийн жилд тус компанийн үйл ажиллагааны үндсэн ашгийн 54%-ийг дангаараа зэсийн салбар бүрдүүлж, түүхэндээ анх удаа төмрийн хүдрийг гүйцэж түрүүлсэн байна. BHP групп жилд ойролцоогоор 2 сая тонн зэс олборлож байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. BHP компани зэсийн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд 2024-2025 онд дамнан Anglo American компанийг 53 тэрбум ам.доллароор худалдаж авахаар хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн. Үүний дараа тактикаа өөрчилж, Чили, Австрали болон Аргентин дахь өөрийн эзэмшлийн уурхайнуудын органик өсөлтийг санхүүжүүлж, 2035 он хүртэл зэсийн олборлолтоо жил бүр 5%-иар өсгөх стратеги баримталж байна. 

Тэгвэл BHP-ийн мөнхийн өрсөлдөгч болох Rio Tinto групп нь уламжлалт төмрийн хүдрийн хамаарлаа бууруулж, оронд нь зэсийн багцаа эрчимтэй нэмэгдүүлж байна. Rio Tinto группын хувьд 2026 оны байдлаар компанийн ашгийн 30%-ийг зэс бүрдүүлдэг болсон нь өмнөх жилүүдэд 15% орчим байсан үзүүлэлт огцом нэг дахин өссөн үзүүлэлт болж байна. 

Rio Tinto групп зэсийн өсөлтөө голлон Монгол дахь Оюу Толгой уурхайгаар хангаж байна. 2026 оны 3-р улирлын тайлангаар Оюу Толгойн зэсийн олборлолт өмнөх оны мөн үеэс 27%-иар, жилийн эхнээс 29%-иар өссөн байна. Rio Tinto группын зах зээлийн үнэлгээ 153.78 тэрбум ам. доллар хүрч BHP группын ард үнэлгээгээрээ дэлхийд 2-р байрт бичигдэж байна. Rio Tinto группын хувьд ирээдүйд BHP -тэй эн тэнцүү өрсөлдөхийн тулд хөрөнгийн багцаа нэмэгдүүлэх М&A /нэгдэл болон худалдан авалт/ хэлцэлүүдэд анхаарч байгаа. Үүний тод жишээ нь 2026 оны эхээр Rio Tinto болон Glencore компанийн хооронд уул уурхайн түүхэн дэх хамгийн том нэгдэл болох 200 тэрбум ам.доллароор үнэлэгдэх "GlenTinto" хэлцлийн яриа эрчимтэй өрнөсөн явдал юм. Хэдийгээр одоогоор албан ёсны тохиролцоонд хүрээгүй, хөрөнгийн үнэлгээний маргаантай байгаа ч салбарын шинжээчид үүнийг "уул уурхайн салбарын хамгийн логиктой нэгдэл" гэж үзэж байна. 


Тэгвэл Швейцарьт төвтэй Glencore групп нь зөвхөн олборлогч биш, дэлхийн түүхий эдийн хамгийн том арилжаалагч (trading) компани байсаар ирсэн. Тус компани 2026 онд зэсийн олборлолтоо түр хугацаанд 840 мянган тонн болгож бууруулсан ч (Чили дэх Collahuasi уурхайн усны хомсдолоос шалтгаалан), 2035 он гэхэд зэсийн олборлолтоо жилд 1.6 сая тоннд хүргэх том амбицтай ажиллаж байна.

Тэд мөн л BHP болон Rio Tinto группууд шиг бэлэн зэсийн оруудад хөрөнгө оруулж өөртөө нэгтгэх болон худалдан авах стратегийг хэрэгжүүлж байна. Тус групп компани Аргентин дахь El Pachón болон Agua Rica зэрэг мега зэсийн төслүүддээ хөрөнгө оруулахаас гадна, хөрөнгө оруулагчдыг татахын тулд Австралийн хөрөнгийн биржид (ASX) давхар бүртгүүлж, нөлөөгөө тэлж байна.


Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 23-24 сая тонн цэвэр зэс олборлогддог бөгөөд үүнээс BHP, Rio Tinto, Glencore гэсэн гурван группууд нийлээд дэлхийн нийт зэсийн зах зээлийн ойролцоогоор 15%-ийг дангаараа хангаж байна. 


Гэхдээ Чили улсын төрийн өмчит Codelco компани олон жилийн турш дэлхийн №1 зэс олборлогч хэвээрээ байсаар байгаа. Сүүлийн жилүүдэд уурхайнуудын хүдрийн агуулга буурсан, үйл ажиллагааны доголдол болон бүтцийн төслүүд нь хойшилсны улмаас олборлолт нь сүүлийн 20 жилийн доод түвшиндээ хүрч буураад байна. Компани өөрийн уурхайнуудаас жилд 1.33 сая тонн зэс олборлож байгаа бөгөөд бусад хамтарсан төслүүдтэйгээ нийлээд 1.44 сая тоннд хүрч байна. Тэд 2030 он гэхэд олборлолтоо 1.7 сая тоннд хүргэх зорилт тавьсан ч шинжээчид үүнд эргэлзэж байна. Codelco компани дэлхийн зэсийн нийт нийлүүлэлтийн 6.0 %-ийг хангаж байгаа юм. 

Түүний араас АНУ-ын Аризона мужид төвтэй Freeport-McMoRan компани нь жилд 1.2 сая тонн хүртэл зэс олборлож, дэлхийн нийт зах зээлийн 5.0 хувийг хангаж байгаа үзүүлэлтээр 2-р байрт жагсаж байна. Тус компани дэлхийн хамгийн том алт-зэсийн далд уурхай болох Индонезийн Grasberg уурхайг эзэмшдэг. Grasberg уурхай нь 2025-2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, компанийн олборлолтыг жилд 1.1-1.2 сая тоннд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.

Codelco-ийн уналттай зэрэгцэн Freeport-McMoRan зарим улиралд цэвэр олборлолтын хэмжээгээрээ дэлхийд №1-д бичигддэг. Мөн тэд Чили дэх El Abra уурхайг өргөтгөхөд 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.


Зэсийн зах зээлд дээр дурдсан 5 компанитай эн тэнцүү өрсөлдөж байгаа өөр 2 компани бол Мексикийн уул уурхайн Grupo México-ийн охин компани болох Southern Copper болон Хятадын Zijin Mining компаниуд юм. 

Southern Copper нь дэлхийн хамгийн том зэсийн нөөцтэй (51.1 сая тонн баталгаат нөөц) компаниудын нэг. Тэдний хамгийн том давуу тал нь хамгийн бага зардлаар зэс олборлодогт оршдог. Жилд дундажаар 950,000 тонн орчим зэс үйлдвэрлэдэг. 

Харин Хятадын Zijin Mining нь сүүлийн 5 жилд дэлхийн зэсийн төдийгүй нийт уул уурхайн салбарт хамгийн эрчтэй, хурдтай томорч буй компани юм. Тус компани Конго дахь Kamoa-Kakula мега төслийн хувийг эзэмшдэг бөгөөд Серби, Төв Азид уурхайнуудыг ар араас нь худалдаж авснаар жилд 885,000 гаруй тонн зэс олборлодог болж, Барууны өрсөлдөгч нараа сандралд оруулж эхэлсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000