Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нь дэлхийн кобальтын түүхий эдийн 70 гаруй хувийг дангаараа хангадаг улс юм. Өнгөрсөн хэдэн жилд зах зээлд кобальтын илүүдэл үүсэж, үнэ унаад байсан тул Конго улсын засгийн газар болон тус улсын стратегийн ашигт малтмалын зохицуулах газар болох ARECOMS-оос дараах хатуу бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд, Конго улс түүхий кобальт болон баяжмалын экспортод тавиад байсан түр хоригоо цуцалж, оронд нь 2027 оныг дуустал үргэлжлэх хатуу квотын систем рүү шилжсэн байна. Тус улс 2026 оны бүтэн жилийн экспортын квотыг 96,600 тонн дээр хязгаарласан байна. Энэ нь тус улсын 2024 оны экспортын хэмжээнээс 2 дахин бага үзүүлэлт юм. Үүний 87,000 тонныг уул уурхайн компаниудад хуваарилж, үлдсэн 9,600 тонныг ARECOMS өөрийн мэдэлд "Стратегийн нөөц" болгон авч үлдсэн байна.
IEA-ийн тооцоолсноор, хэрэв Конго улс квотоо үргэлжлүүлэн чангаруулж, бодит тээвэрлэлт саатсаар байвал 2035 он гэхэд дэлхийн кобальтын нийлүүлэлтийн хомсдол 25%-иас дээш гарахаар байна.
Конго дахь уурхайнуудыг эзэмшдэг Хятадын уул уурхайн компаниуд квотын хэмжээг нэмэгдүүлэхийг Конго улсын Засгийн газраас шаардаж байгаа ч ARECOMS уурхайнуудаас хугацаандаа ачаагүй 15,000-20,000 тонны зөвшөөрлийг шууд цуцалж, зах зээлд хомсдол үүсгээд байна.
Конго улсын энэхүү тактик нь дэлхийн зах зээл дээрх кобальтын үнийг шууд өсгөхөд хүргэсэн бөгөөд батерейны завсрын түүхий эд болох кобальтын гидроксидын нийлүүлэлт хаагдсанаар, кобальт металлын үнэ олон улсын зах зээл дээр тонн нь 58,000 ам.долларт дөхөж очсон нь 2025 оны дундаж үнээс 3 дахин өндөр үзүүлэлт болоод байна.
Конго улсын урт хугацааны зорилго нь дэлхийн кобальтын нийт 70%-ийг хангаж буй энэхүү нийлүүлэлтийн давуу талаа ашиглан дэлхийн технологийн салбараас илүү их ашиг олох явдал юм. Тэд зөвхөн түүхий эд экспортлох биш, дотооддоо баяжуулах, боловсруулах үйлдвэр барихыг хөрөнгө оруулагчдаас шаардаж байна.



