Тус санхүүжилтийг Их Британи болон Арабын Нэгдсэн Эмират Улсын хөрөнгө оруулагчдын консорциум олгосон бөгөөд уг хэлцлийг Абу Даби бус, АНЭУ-д төвтэй “Ронин Коммершл Брокерс” компани тэргүүлсэн байна. Уг санхүүжилтийг шууд ашиглах боломжтой бөгөөд СиграФи компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ), Замби болон Өмнөд Америк дахь одоогийн нийлүүлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, мөн шинэ хоршоо, алт нэгтгэн нийлүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулахад зарцуулах ажээ. СиграФи нь бичил болон жижиг хэмжээний алт олборлогчдын хоршоо, тэдгээрийн эрх бүхий нийлүүлэгчдээс олон жилийн гэрээний үндсэн дээр алт худалдан авдаг. Тус компани уурхайчидтай шууд бус, зохион байгуулалтад орсон хоршоо болон тэдгээрийн томилсон алт нийлүүлэгч байгууллагуудаар дамжуулан хамтран ажилладаг байна.
Дэлхийн алтны нийлүүлэлтэд бичил болон жижиг хэмжээний уурхайчдын оролцоо чухал боловч тэдгээрийн ихэнх нь олон улсын албан ёсны зах зээлд нэвтрэхэд шаардлагатай санхүүжилт, хууль тогтоомжийн нийцлийн дэмжлэг, тогтвортой худалдан авагчийн хүртээмжээр хязгаарлагддаг. СиграФи компанийн хувьд шинээр татсан санхүүжилт нь эдгээр нийлүүлэгчдэд эргэлтийн хөрөнгө олгох, алтны нийлүүлэлтийн гэрээг хэрэгжүүлэх, олборлосон алтыг мөрдөн тогтоох боломжтой албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд нэвтрүүлэхэд чиглэж байна.
Компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Стефан Аллеш-Тейлорын мэдээлснээр, бичил уурхайчид дэлхийд шинээр олборлож буй алтны ойролцоогоор тавны нэгийг нийлүүлдэг ч олонх нь албан ёсны зах зээлээс гадуур үйл ажиллагаа явуулдаг. Түүний үзэж буйгаар, уг санхүүжилт нь зохион байгуулалтад орсон хоршоодод алтны дэлхийн зах зээлд шууд, гарал үүслийг нь мөрдөн тогтоох боломжтой сувгаар нийлүүлэх нөхцөл бүрдүүлэх юм. СиграФи компани алтны нийлүүлэгч хоршоодтой олон жилийн гэрээ байгуулж, алтыг Лондоны үнэт металлын зах зээлийн холбоо (LBMA)-ны спот үнээс тогтоосон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах загвараар ажилладаг. Худалдан авсан алтыг олон улсын шаардлага хангасан, итгэмжлэгдсэн алт боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг байна. Энэхүү загвар нь бичил уурхайчдад борлуулалтын тогтвортой суваг бий болгохын зэрэгцээ алтны гарал үүсэл, нийлүүлэлтийн мөрдөн мөшгөх боломж, хууль тогтоомжийн нийцлийг сайжруулахад чиглэжээ.



