Reuters-ийн мэдээлснээр Brent-ийн үнэ 93 цент буюу 0.92 хувиар өссөн бол АНУ-ын West Texas Intermediate буюу WTI нефтийн үнэ 82 центээр нэмэгдэж, 90.25 ам.долларт хүрсэн байна.
Үнэ өсөхөд хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлжээ. Нэгдүгээрт, Мексикийн буланд үүссэн хүчтэй шуурга АНУ-ын газрын тос, байгалийн хийн олборлолтын бүсүүдэд нөлөөлөх эрсдэл бий болгосон. Хоёрдугаарт, Саудын Арабын өмнөд хэсгийн нисэх буудлуудад халдлага гарсан нь Ойрхи Дорнодын эрчим хүчний нийлүүлэлтийн талаарх болгоомжлолыг нэмэгдүүлсэн байна.
Мексикийн булан дахь шуурганы замд АНУ-ын газрын тосны олборлолтын 15 орчим хувь, байгалийн хийн үйлдвэрлэлийн 5 орчим хувь байрладаг. Мөн шуурганы нөлөөлөлд зургаан боловсруулах үйлдвэр өртөх боломжтой бөгөөд эдгээр боловсруулах үйлдвэрүүд нийлээд АНУ-ын нийт боловсруулах хүчин чадлын ойролцоогоор тал хувийг бүрдүүлдэг байна.
Ийм нөхцөлд зах зээл зөвхөн газрын тосны олборлолтод бус боловсруулах үйлдвэрүүдийн ажиллагаанд ч анхаарч байна. Түүхий нефть хангалттай байсан ч боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдвол бензин, дизель зэрэг боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хомсдол үүсэж болно.
АНУ-ын нефтийн нөөц мөн буурсан байна. Америкийн Нефтийн Хүрээлэнгийн урьдчилсан мэдээллээр аравдугаар сарын 2-ны байдлаар АНУ-ын түүхий нефтийн нөөц 2.09 сая баррелиар буурчээ.
Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодоос нефтийн экспорт үргэлжилж байгаа нь зах зээлийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулж байна. Vitol компанийн гүйцэтгэх захирал Рассел Хардигийн мэдээлснээр сүүлийн 7–10 хоногт Ойрхи Дорнодоос өдөрт ойролцоогоор 12 сая баррель түүхий нефть, 2 сая баррель боловсруулсан бүтээгдэхүүн танкеруудаар гарч байгаа байна.
Гэхдээ нефтийн зах зээлд одоо түүхий нефтийн хомсдолоос илүү боловсруулсан бүтээгдэхүүн, тээвэрлэлт болон боловсруулах хүчин чадлын асуудал чухал болж байна.
Монгол Улсын хувьд дэлхийн нефтийн үнийн өсөлт нь уул уурхай болон тээврийн салбарын зардалд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Монголын уул уурхайн олборлолт, нүүрс тээвэр, хүнд машин механизмын ажиллагаанд дизель түлш чухал байр суурь эзэлдэг. Иймээс нефтийн үнэ өндөр байх нь уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлого нэмэгдсэн ч олборлолт, тээврийн өртгийг зэрэг өсгөх боломжтой. Ялангуяа нүүрс тээврийн зардал өсөх нь Монголын экспортын өрсөлдөх чадварт нөлөөлөх эрсдэлтэй. Хилийн боомт хүртэлх тээвэрлэлтийн зардалд түлшний үнэ тодорхой хэмжээгээр шингэдэг тул нефтийн үнийн өсөлт удаан үргэлжилбэл экспортлогч компаниудын ашигт ажиллагаанд дарамт үзүүлж болно.
Одоогоор нефтийн зах зээлд нэг талаас Ойрхи Дорнодын экспорт харьцангуй хэвийн үргэлжилж байгаа ч нөгөө талаас геополитикийн халдлага, шуурга, боловсруулах үйлдвэрийн доголдол зэрэг олон эрсдэлтэй байна.



