Европ дахь индексүүд буурч, Хятад дахь үнэ бэхжсэн бол Австралид эрчим хүчний нүүрсний үнэ савалж, дээд зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ бага зэрэг унасан байна.
Өндөр илчлэгтэй Өмнөд Африкийн High-CV 6,000 нүүрс сүүлийн гурван жилийн дээд түвшнээсээ буурч, тонн нь 121 ам.доллар болж, Энэтхэгт баяр ёслолын улмаас зах зээлийн идэвхжил саарсны дараах гурван долоо хоногийн өсөлтийн трендийг зогсоосон байна.
Бараг бүх худалдаачид Өмнөд Африкийн стандартын нүүрсийг API4 индексээс тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үнээр санал болгож байна.
Хятадад, Циньхуандао боомт дээрх 5,500 NAR нүүрсний спот үнэ нийлүүлэлтийн тодорхойгүй байдлын улмаас тонн нь 146 ам.доллар болж өссөн бөгөөд гол олборлогч бүс нутгуудад нийлүүлэлт тогтвортой боловч хязгаарлагдмал хэвээр байв. Том уурхайнууд хэвийн ажиллаж байсан ч намрын баярын өмнөхөн (Үндэсний баяр, 10 дугаар сарын 1-7) хүчин чадлын хязгаарлалт, аюулгүй байдлын хатуу шалгалтын улмаас нийт гарц хумигдсан байна.
Мөн 10 дугаар сарын эхээр эхэлж, 25 орчим хоног үргэлжлэх Дацин-Циньхуандао чиглэлийн төмөр замын шугамын төлөвлөгөөт засвар үйлчилгээний өмнөх нөөц бүрдүүлэлт нь үнийн өсөлтөд нөлөөлсөн байна.
БНХАУ-ын гол 9 боомт дээрх нүүрсний нөөц 24.53 сая тонн (+0.70 сая тонн долоо хоногоор) байсан бол эрчим хүчний гол 6 эргийн цахилгаан станцын нөөц 14.33 сая тонн (+0.11 сая тонн долоо хоногоор) байв.
Индонезийн 5,900 GAR нүүрс 114 ам.долларт хэвээр үлдсэн бол 4,200 GAR-ийн үнэ 75.5 ам.доллар болж буурав.
Индонези улс үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор оны эхнээс хойш нүүрсний импортоо хоёр дахин нэмэгдүүлээд байна. Урьдчилсан мэдээллээр, 2026 оны эхний 8 сард тус улс 10.13 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон нь жилийн дүнгээр 5.64 сая тонн буюу 125%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Харин Австралийн HCC коксжих нүүрсний индекс 275 ам.доллар болж буурсан бөгөөд Хятад, Энэтхэгийн зах зээлийн худалдан авах сонирхол сул байгаа нь богино хугацааны төлөвийг уналттай хэвээр байлгаж байна.



