Энэхүү алхам нь хоёр компанийн дунд 2024 оны 4 дүгээр сард байгуулсан хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийн гэрээг бодит ажил хэрэг болгож буй томоохон явдал юм.
Төслийн хүрээнд хоёр компани өөр өөрийн чиглэлээр дараах хөрөнгө оруулалтыг хийхээр тохиролцжээ. Cosmo Oil компанийн зүгээс одоо зогсонги байгаа, өдөрт 80 тонн устөрөгч гаргах хүчин чадалтай үйлдвэрээ сэргээн засварлахад 20 тэрбум иен зарцуулна. Үйлдвэрлэсэн устөрөгчийн тодорхой хэсгийг өөрсдийн боловсруулах үйлдвэрт ашиглаж, үлдсэнийг нь Iwatani-д нийлүүлэх юм байна.
Iwatani Industrial Gases компанийн хувьд өдөрт 11.6 тонн шингэрүүлсэн устөрөгч үйлдвэрлэх шинэ үйлдвэр барихад 30 тэрбум иен хөрөнгө оруулна. Тэд Cosmo-гоос авсан устөрөгчийг шингэрүүлж, дотоодын хэрэглэгчдэд түгээх ажээ.
Хоёр компани устөрөгчийн үйлдвэрлэлийг нэг дор нэгтгэснээр тус тусдаа хөрөнгө оруулалт хийснээс харьцангуй бага зардал гарах бөгөөд дотоодын зах зээлд өрсөлдөхүйц үнэтэй устөрөгчийн сүлжээг бий болгоно гэж үзэж байна. Төслийн инженерчлэл, хангамж, барилга угсралтын (EPC) ажлыг тэдний 2023 онд хамтран байгуулсан Cosmo Iwatani Hydrogen Engineering хамтарсан үйлдвэр удирдан гүйцэтгэхээр болжээ.
Iwatani корпораци нь 2023 онд Cosmo-ийн хувьцааг нэмж авснаар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон бөгөөд энэхүү төсөл нь тэдний стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлж байна.



