Masan High-Tech Materials нь Вьетнамын томоохон вольфрам үйлдвэрлэгч бөгөөд тус компанийн Nui Phao уурхай нь дэлхийн вольфрамын нийлүүлэлтийн зах зээлд тодорхой байр суурь эзэлдэг. Вольфрам нь өндөр температурт тэсвэртэй, хатуулаг өндөртэй шинж чанартай учраас уул уурхайн өрөмдлөгийн багаж, металл боловсруулах тоног төхөөрөмж, цахилгаан болон электроникийн үйлдвэрлэл, батлан хамгаалах салбар зэрэг олон чиглэлд ашиглагддаг.
Компанийн хувьд зөвхөн хүдэр олборлох бус доод шатны боловсруулалтыг хөгжүүлэх нь стратегийн зорилго болж байна. Энэ нь өнөөгийн критикал минералын зах зээлд өрнөж буй томоохон өөрчлөлтийн нэг хэсэг юм.
Сүүлийн жилүүдэд улс орнууд критикал минералын нийлүүлэлтийн сүлжээг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх бодлого хэрэгжүүлэх болсон. Үүний хүрээнд олборлолтоос гадна баяжуулалт, химийн боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх шат дамжлагыг өөрийн нутаг дэвсгэрт хөгжүүлэх сонирхол нэмэгдэж байна.
Masan High-Tech-ийн шинэ хөрөнгө татах төлөвлөгөө нь энэ чиг хандлагатай нийцэж байна. Reuters-ийн мэдээлснээр тус компани өнгөрсөн сард АНУ-ын Батлан хамгаалах яамны дэмжлэгтэй Elmet Group-д тодорхой хувь эзэмшлээ худалдах хэлцэл хийсэн бөгөөд шинэ хөрөнгө оруулалтыг уурхайн өргөтгөл болон доод шатны боловсруулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашиглахаар төлөвлөжээ.
Эндээс вольфрамын зах зээл зөвхөн уламжлалт уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл биш болж байгааг харж болно. Өндөр технологи, батлан хамгаалах, цахилгаан автомашин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг салбаруудын нийлүүлэлтийн сүлжээнд вольфрамын ач холбогдол нэмэгдэж байна.
Критикал минералын хувьд олборлолтын нөөцөөс гадна боловсруулах технологи стратегийн давуу тал болдог. Түүхий хүдэр олборлож экспортлох нь бүтээгдэхүүний нэмүү өртгийн бага хэсгийг тухайн улсад үлдээдэг бол химийн боловсруулалт, тусгай хайлш, нунтаг бүтээгдэхүүн зэрэг дараагийн шатны үйлдвэрлэл нь илүү өндөр үнэ цэн бий болгох боломжтой.
Энэ асуудал Монгол Улсын хувьд ч анхаарах сэдэв юм. Монгол Улс зэс, нүүрс, төмрийн хүдэр, жонш, алт зэрэг уламжлалт ашигт малтмалаас гадна критикал болон стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг улам бүр анхаарч байна.
Монголын уул уурхайн салбарын хувьд вольфрамын жишээ нь нэг чухал сургамж өгч байна. Нөөцтэй байх нь өөрөө хангалтгүй бөгөөд тухайн ашигт малтмалыг ямар технологиор боловсруулах, ямар зах зээлд ямар бүтээгдэхүүнээр нийлүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн ямар хэсгийг дотооддоо бий болгох вэ гэдэг нь эдийн засгийн өгөөжийг тодорхойлно.
Вьетнамын Masan High-Tech энэ стратегийг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн зах зээлээс хөрөнгө татахыг зорьж байна. Хувьцааны 5 хүртэлх хувийн хувийн байршуулалт нь компанийн эзэмшлийн бүтцэд өөрчлөлт оруулах боловч урт хугацааны хөрөнгө оруулагч татах замаар уурхайн өргөтгөл болон боловсруулах үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх зорилготой.
Вольфрамын зах зээлд АНУ болон Европын орнууд нийлүүлэлтийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь ийм төслүүдэд стратегийн хөрөнгө оруулалтын боломж бий болгож байна. Үүний зэрэгцээ олборлолт, боловсруулалтын технологийн өндөр шаардлага нь шинэ нийлүүлэгчдэд зах зээлд нэвтрэх босгыг өндөр байлгаж байна.
Ийм нөхцөлд Монголын уул уурхайн салбарын хувьд зөвхөн экспортын хэмжээг өсгөхөөс гадна критикал минералын боловсруулалтын технологи, хүний нөөц, лаборатори, судалгаа хөгжүүлэлт болон олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд нэвтрэх чадварыг зэрэг хөгжүүлэх нь чухал болж байна.
Эх сурвалж: Reuters, Mining Weekly.



