Алтны үнэ энэ онд ойролцоогоор 4 хувиар буурсан боловч нэг унц нь 4,000 ам.доллараас дээш түвшинд хадгалагдсан байна. Өндөр бондын өгөөж алтны ханшид дарамт үзүүлж байгаа ч төв банкуудын худалдан авалт болон эрсдэлээс хамгаалах хөрөнгө оруулалтын эрэлт энэ дарамтыг нөхөж байна.
Италийн Төв банкны дэд ерөнхийлөгч Сержио Николетти Алтимари алт нь түүхийн туршид янз бүрийн хямралын үед үнэ цэнээ хадгалж ирсэн аюулгүй хөрөнгө гэж үзэж байгаагаа Лондонд болсон Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбооны жилийн хурлын үеэр илэрхийлжээ. Германы Бундесбанкны ерөнхийлөгч Йоахим Нагель мөн бондын өгөөж нэмэгдсэнээр бондын сонирхол өсөж байгаа боловч өндөр өрийн түвшинтэй холбоотой зээлийн эрсдэл нь нөөцийг төрөлжүүлэх шаардлагыг хэвээр үлдээж байна гэж онцолсон байна.
Алтны зах зээлд сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том өөрчлөлтийн нэг нь төв банкуудын худалдан авалт нэмэгдсэн явдал юм. Reuters-ийн мэдээллээр 2022 оноос хойш ялангуяа хөгжиж буй эдийн засагтай орнуудын төв банкууд алт худалдан авах хандлага нэмэгдсэн байна. Энэ нь нэг улсын валют эсвэл төрийн өрийн хэрэгслээс хэт хамаарахгүй байх зорилготой нөөцийн төрөлжилтийн бодлоготой холбоотой.
Алтны эрэлтийн бүтэц ч өөрчлөгдөж байна. Хятадад хөрөнгө оруулалтын зорилготой алтны эрэлт нэмэгдэж, 2025 онд гулдмай болон зоосны худалдан авалт үнэт эдлэлийн хэрэглээг анх удаа давсан талаар Reuters мэдээлжээ. Энэ нь алтны зах зээлд хэрэглээний эрэлтээс илүү хөрөнгө оруулалтын эрэлт чухал байр суурь эзлэх болсныг харуулж байна.
Гэхдээ алтны зах зээлд эрэлт бүхэлдээ өсөхгүй байж болзошгүй. Reuters-ийн мэдээлснээр 2026 оны дэлхийн алтны эрэлт 15 орчим хувиар буурч, 720 тонн орчимд хүрэх төлөвтэй байгаа ч 2022 оноос өмнөх түвшнээс өндөр хэвээр байх тооцоо бий. Энэ нь зах зээл богино хугацаанд тодорхой хэмжээгээр хөрөх боловч алтны стратегийн эрэлт хэвээр үлдэнэ гэсэн үг.
Монголын хувьд алтны үнийн өсөлт нь уул уурхайн салбарын орлого болон алт олборлолтын эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх боломжтой. Алт нь нүүрс, зэсийн адил тээвэрлэлтийн хэмжээ их шаарддаггүй, нэгж үнэ өндөртэй бүтээгдэхүүн учраас экспортын бүтцэд тодорхой ач холбогдолтой.
Гэхдээ алтны өндөр үнэ нь олборлолтыг шууд нэмэгдүүлэхэд хангалттай нөхцөл биш. Олборлолтын зардал, геологийн нөөц, хууль эрх зүйн орчин, байгаль орчны шаардлага, боловсруулах хүчин чадал болон хууль бус олборлолтыг хязгаарлах бодлого зэрэг хүчин зүйлс зэрэгцэн нөлөөлнө.
Одоогийн зах зээлийн нөхцөлөөс харахад алтны үнэ өндөр хэвээр байх гол үндэслэл нь зөвхөн инфляцын хамгаалалт биш болжээ. Төв банкуудын нөөцийн төрөлжилт, геополитикийн эрсдэл, засгийн газрын өрийн түвшин, санхүүгийн зах зээлийн тодорхойгүй байдал зэрэг олон хүчин зүйл алтны стратегийн үнэ цэнийг хадгалж байна.
Тиймээс алтны зах зээлийн хувьд 2026 оны сүүлчийн улиралд хөрөнгө оруулагчдын анхаарах гол асуудал нь зөвхөн ханшийн хөдөлгөөн бус, төв банкуудын худалдан авалтын хэмжээ, АНУ-ын бондын өгөөж, дэлхийн геополитикийн нөхцөл болон Хятадын хөрөнгө оруулалтын эрэлт байх төлөвтэй байна.



