Ингэснээр Чили дэх тус уурхайд ажил хаялт зарлах нөхцөл бүрдэж магадгүй болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт 1020 гишүүнтэй тус үйлдвэрчний эвлэл компанийн захиргааны зүгээс эцсийн саналыг хүлээн авсан бөгөөд гишүүддээ санал хураалтаар уг саналыг дэмжихгүй байхыг уриалсан юм.
Чилийн хууль тогтоомжийн дагуу ажил хаялтыг хууль ёсоор эхлүүлэхийн өмнө талууд Засгийн газраас удирдан явуулдаг тав хоногийн хугацаатай албадан зуучлалын үйл ажиллагаанд хамрагдах ёстой. Энэхүү хугацааг талууд харилцан тохиролцсоноор дахин тав хоногоор сунгах боломжтой байдаг.
Үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд "Компаниас ирүүлсэн санал нь дэлхийн хамгийн том зэсийн уурхайн олон тэрбум долларын ашиг, олборлолтод удирдах ажилтнууд болон ажилчдын оруулсан хувь нэмрийг огт үл тоомсорлосон үйлдэл боллоо" гэж дурдаад, санал хураалтад оролцсон гишүүдийн 95 хувь нь ажил хаялт зарлахын төлөө санал өгсөн болохыг тэмдэглэсэн байна.
Баасан гарагт Escondida уурхайд гарсан засвар үйлчилгээтэй холбоотой ослын улмаас нэг оператор ажилтан амь үрэгдсэний дараа ажилтнууд гэрээний хэлэлцээрийг сунгах тухай компанийн хүсэлтийг няцаасан байна.
Компаниас тавьсан санал нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээнээс дорвитой нэмэгдсэн зүйлгүй бөгөөд удирдах түвшний ажилтнуудыг ачааны машин жолоодох зэрэг үйлдвэрийн үйл ажиллагаанд сургах шаардлага тавьж байгааг үйлдвэрчний эвлэл эсэргүүцэж байгаа юм.
Харин BHP компани мэдэгдэлдээ, үйлдвэрчний эвлэлийн ажилчдад тавьсан саналд "одоогийн хамтын гэрээнээс илүү сайжруулалт болон шинэ тэтгэмжүүдийг тусгасан" хэмээгээд, харилцан ашигтай хэлэлцээрт хүрэх үүднээс Хөдөлмөрийн хяналтын газраас албадан зуучлал хийхийг хүсэх болно гэдгээ илэрхийлэв.
Тус уурхайн 30 хувийг Рио Тинто (Rio Tinto) компани эзэмшдэг бол Японд төвтэй JECO компани 12.5 хувийг нь эзэмшдэг байна. Үлдсэн 57.5 хувийг BHP компани эзэмшдэг байна.



