Энэхүү туршилтын үйлдвэрийн төсөл нь БНХАУ дахь Shougang-ийн Jingtang баазад баригдсан бөгөөд цагт 3,000 шоо метр хүртэл домен зуухны хийг боловсруулж, жилд 10,000 тонн хүртэл нүүрстөрөгчийн давхар ислийг (CO₂) барих хүчин чадалтай юм байна.
Хоёр компани гангийн үйлдвэрлэлийн өртгийн сүлжээн дэх нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах технологиудыг судалж, хөгжүүлэх зорилгоор 2022 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ нь 2024 онд ашиглалтад орсон жижиг хэмжээний туршилтын төслийн дараагийн шат юм байна.
Байгууламжийг Shougang-ийн гангийн үйлдвэрлэлийн системд нэгтгэсэн бөгөөд урт хугацааны судалгааны зорилгоор ажиллуулах юм. Мөн барьж авсан CO₂-ийг синтез хий (syngas) болгон хувиргаж, ган хайлуулах процесст дахин ашиглах замаар шинээр хэрэглэх нүүрстөрөгчийн хэмжээг багасгах арга замыг эрэлхийлж байна.
Энэхүү алхам нь гангийн үйлдвэрлэлийг илүү ногоон, байгаль орчинд ээлтэй хэлбэрт шилжүүлэхэд чухал ач холбогдолтой туршилт болж байна.
Rio Tinto компани нь дан ганц энэ төслөөр зогсохгүй дэлхийн гангийн үйлдвэрлэлийн салбараас ялгардаг хүлэмжийн хийг бууруулах зорилгоор олон төрлийн дэвшилтэт технологийн төслүүдийг хөгжүүлж байна. Тухайлбал, тус компани Баруун Австралид био-ган төсөлд 143 сая ам.долларын хөрөнгө оруулалттай судалгаа, хөгжүүлэлтийн баазыг байгуулан ажиллаж байна. Тус төсөл нь уламжлалт домен зууханд коксжих нүүрсний оронд хөдөө аж ахуйн хаягдал биомасс болон сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг богино долгионы (microwave) технологийн судалгаа туршилтыг хийж байна. Түүнчлэн байгаль орчны технологийн Calix компанитай хамтран 36 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий устөрөгчийн ангижруулалт болон цахилгаан халаалтын системийг хослуулсан Zesty (Zero Emissions Steel Technology) технологийг хөгжүүлж байна.



