Энэ сарын буюу 9-р сарын 26-нд хийсэн анхны алт хайлалтаар ойролцоогоор 1,140 унц алт гаргаж авсан бөгөөд 9-р сарын 8-наас хойш исэлдсэн хүдрийн циклээр (oxide circuit) 400,000 гаруй тонн хүдэр боловсруулсан байна. Уурхайн барилгын ажил 2024 оны 12-р сард эхэлсэн бөгөөд Montage компани анх 2027 оны хоёрдугаар улиралд анхны алтаа авахаар төлөвлөж байсан ч хугацаагаа наашлуулан ийнхүү 2026 оны сүүл үе болгосон юм.
Montage компани үйлдвэрлэлээ өргөжүүлэх төлөвлөгөөгөө урагшлуулж, энэ оны сүүлээр илүү өндөр агуулгатай Gbongogo Main ил уурхайн олборлолтыг эхлүүлэхийг хүлээж байгаа юм байна.
Исэлдсэн хүдрийг энэ оны эцэс гэхэд арилжааны үйлдвэрлэлийн түвшинд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд хатуу чулуулгийн бутлуур, тээрмийн (hard-rock comminution circuit) барилгын ажил төсөвтөө багтан, 2027 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох графикийн дагуу үргэлжилж байна.
National Bank Financial банкны тооцооллоор Montage компани энэ жил 36,000 унц, 2027 онд 345,000 унц алт олборлох бөгөөд Коне уурхай нь компанийн цэвэр хөрөнгийн үнэлгээний (NAV) 67 орчим хувийг бүрдүүлж байна. National Bank-наас Montage-ийн хувьцааг зах зээлээс илүү ашигтай гэж үнэлж, зорилтот үнийг 24 канад доллар гэж тогтоожээ.
Коне уурхай нь ойролцоогоор 16 жилийн ашиглалтын хугацаатай бөгөөд эхний жилүүддээ жил бүр 300,000 гаруй унц алт олборлохоор төлөвлөгдсөн. Тооцооллоор уурхайн ашиглалтын 1-ээс 8 дахь жилүүдэд жилд дунджаар 335,000 унц алт гаргах бөгөөд хайгуулын ажил болон хүчин чадлыг нэмэгдүүлснээр энэ хэмжээ өсөх боломжтой юм.
Даваа гарагийн үдээс хойш Торонтогийн хөрөнгийн бирж дээр Montage-ийн хувьцаа 2.2%-иар буурч, 19.45 канад доллар ($13.73) болсон бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 7.8 тэрбум канад доллар ($5.5 тэрбум) болж байна.
Коне уурхайн барилгын ажил нь ойролцоогоор 3,600 ажлын байр бий болгосны 95%-иас илүүг барилгын ажил эхлэхээс өмнө сургалтад хамрагдсан Кот-д'Ивуарын иргэд бүрдүүлжээ. Тус компанийн өөрсдөө олборлолтоо хариуцах загвар нь барилгын ажилчдыг үндсэн үйл ажиллагааны баг руу шилжин ажиллах боломжийг олгосон байна.
Үйлдвэрлэл бүрэн жигдэрсний дараа уурхайд 1,500 орчим хүн байнгын ажлын байраар хангагдах төлөвтэй байна.
“Коне нь Кот-д'Ивуар улсад үйл ажиллагаа явуулж буй 9 дэх алтны уурхай болж байгаа бөгөөд бүх оролцогч талуудад өндөр үр өгөөж өгөхөд бэлэн болоод байна” гэж Montage компанийн Гүйцэтгэх захирал (CEO) Мартино Де Чиччо хэлсэн байна.
Montage компани Коне уурхайн үйлдвэрлэлийг дэмжих өндөр агуулгатай дагуул ордуудыг нэмж илрүүлэх зорилгоор өргөн хүрээтэй хайгуулын ажил гүйцэтгэж байна. Тэдний 2026 оны төлөвлөгөөнд 130,000 уртааш метр өрөмдлөг багтсан бөгөөд 2024 оны ТЭЗҮ-ээс хойших нийт өрөмдлөгийн хэмжээг 380,000 уртааш метрт хүргэж байна.
Өнгөрсөн 6-р сард шинэчлэгдсэн үнэлгээгээр Коне уурхайн баталгаат болон боломжит (Measured & Indicated) нөөц 1.42 сая унцаар нэмэгдэж, 6.29 сая унц болсон бөгөөд хүдрийн дундаж агуулга 2024 оны ТЭЗҮ-ийн нөөцтэй харьцуулахад 27%-иар өсөж, тонн тутамд 0.80 грамм алт болжээ. Харин таамаг (Inferred) нөөц 1.62 сая унцаар нэмэгдэж 2.03 сая унц болсон ба агуулга нь 36%-иар өсөж 0.68 грамм болсон байна.
Энэ оны сүүлчээр илүү өндөр агуулгатай Гбонгого Мэйн дагуул ордоос олборлолт эхлэх бөгөөд бусад дагуул ордуудыг 2027 оны үед ашиглаж эхлэх юм байна.



