Энэ нь өмнөх долоо хоногт 285.0 сая баррель, харин жилийн өмнө 406.0 сая баррель байснаас үлэмж хэмжээгээр багассан үзүүлэлт юм. АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээллээр, дараагийн долоо хоногт нь уг нөөц дахин буурч 283.8 сая баррель болсон нь 1982 оны 10-р сараас хойших хамгийн доод түвшин боллоо.
Ингэснээр стратегийн нөөц энэ онд хоёр дахь удаагаа сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож байна. Эхнийх нь өнгөрөгч 8-р сарын эхээр 300 сая баррелиас доош орж, 1983 оны түвшнээс доошилж байсан юм.
Одоогийн нөөцийн зарцуулалт нь 3-р сард Ерөнхийлөгч Трампын зөвшөөрсөн 172 сая баррель газрын тосыг зах зээлд гаргах шийдвэртэй холбоотой бөгөөд энэ нь Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) гишүүн 32 орны хамтарсан 400 сая баррелийн нийлүүлэлтийн нэг хэсэг байсан юм. Газрын тосыг зах зээлд гаргах ажил үүнээс долоо хоногийн дараа эхэлсэн бөгөөд ойролцоогоор 120 хоног үргэлжилнэ гэж тооцоолж байв. Тухайн үед засгийн газар татвар төлөгчдөд ямар нэгэн зардал чирэгдэл учруулахгүйгээр нэг жилийн дотор 200 сая орчим баррелийг эргүүлэн татаж, нөөцөө дүүргэхээ амлаж байжээ.
Стратегийн нөөц хэр хэмжээгээр буурч болохыг зохицуулдаг хоёр өөр зааг түвшин байдаг. Холбооны хуулиар үйл ажиллагааны хамгийн доод хэмжээг 252.4 сая баррель гэж заасан байдаг бол газрын тосыг үр ашигтайгаар шахаж, боловсруулахад бэлэн байх шаардлагатай үйл ажиллагааны ерөнхий доод хэмжээг 250-аас 300 сая баррель гэж үздэг бөгөөд одоо уг нөөц энэ хязгаарт тулчихаад байна.
“Atlantic Council”-ийн эрчим хүчний шинжээч Ben Cahill нөөцийг зах зээлд гаргах нь үр өгөөжөө алдаж байгааг анхааруулаад: “Зах зээлд илүү их тос нийлүүлэх тусам бидэнд сонголт үлдээгүй байна гэсэн ойлголт давамгайлж, тодорхой цэгт хүрэхэд энэ нь өөрөө өөрийгөө үгүйсгэсэн, үр дүнгүй алхам болж хувирна” гэж хэлжээ.
Ормузын хоолойн урсгал дайны өмнөх түвшний гуравны нэг орчимд хэвээр байгаа бөгөөд шинэ нийлүүлэлт бус, харин стратегийн нөөцийн зарцуулалт л Брент (Brent) маркийн тосны үнийг хямралын ихэнх хугацаанд 110 ам.доллароос доош барьж чаджээ.
Зах зээлд гаргасан нөөцийн 133 сая баррель орчмыг Shell, Vitol болон Trafigura компаниудтай хийсэн своп (солилцоо) хэлбэрээр зохицуулсан бөгөөд тэд авсан нэг баррель тутамдаа 1.25 баррель тосыг эргүүлэн өгөх гэрээтэй юм. Энэхүү эргэн нийлүүлэлт ирэх оны эхээр эхлэхээр төлөвлөгдсөн байна.



