Тус төслийг “Руитан” гэж нэрлэж байгаа бөгөөд China Huaneng группын Bajiao дулааны цахилгаан станцын дэргэд барьж байгаа юм байна. Энэхүү төсөл нь уламжлалт уурын турбиныг халж, эрчим хүчний салбарт шинэ хувьсгал хийж буй технологи ажээ. Энэ технологи нь дараах хэд хэдэн ач холбогдолтой юм байна. Тухайлбал, шөнө эсвэл цахилгааны хэрэглээ бага байх үед одоо байгаа нүүрсний цахилгаан станцын илүүдэл эрчим хүчийг ашиглан давсыг өндөр хэмд хайлуулж, дулаан хэлбэрээр хадгална. Мөн цахилгааны хэрэглээ оргил үедээ хүрэхэд хайлуулсан давсны өндөр дулааныг ашиглан cуперкритикал CO₂ (шингэн болон хийн төлөвийг зэрэг хадгалсан нүүрстөрөгчийн давхар исэл)-ийг халааж, тусгай турбиныг эргүүлэн цахилгаан гаргана.
Тус төслийн эхний шатанд 50 МВт чадалтай sCO₂ турбин болон 400 МВт.ц багтаамжтай хайлуулсан давсны дулааны батарейг суурилуулж байна.
Энэ техонологи нь бүрэн битүү циклээр ажилладаг тул уламжлалт станцууд шиг их хэмжээний усны нөөц шаардахгүй, байгаль орчинд ээлтэй. Түүнчлэн, цахилгаан сүлжээний ачаалал өөрчлөгдөхөд уламжлалт нүүрсний станцаас 4 дахин хурдан зохицуулалт хийж, сүлжээний тогтвортой байдлыг хангаж чаддаг байна. Уурын турбинээс хамаагүй өндөр ашигт үйлийн коэффициенттэй тул дулааны энергийг цахилгаан болгох үр ашгийг эрс нэмэгдүүлдэг. Уг үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.



