Тус үйлдвэрийг тодорхойгүй хугацаагаар хаах болсон шалтгаан нь цэрэг дайны цохилт буюу сүүлийн 5 долоо хоногийн хугацаанд тус үйлдвэр рүү ОХУ-ын талаас 4 удаагийн томоохон пуужингийн цохилт өгсөн байна. Үүний улмаас үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүд, эрчим хүчний дэд бүтэц болон зүтгүүр засварын депо маш хүнд хохирол амсжээ. Тухайн халдлагуудын улмаас 5 ажилтан амиа алдаж, 17 хүн хүнд, хөнгөн гэмтсэн тул үйлдвэрийн удирдлага ажилчдын амь насыг эрсдэлд оруулан үйл ажиллагааг "аюулгүй, тогтвортой" үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн байна. ArcelorMittal компанийн зүгээс үйлдвэрийг бүрмөсөн хаахгүй бөгөөд дайн дууссаны дараа дахин ажиллуулах боломжийг хадгалахын тулд дэд бүтцийг нь хамгаалах, хадгалах горимд шилжүүлж байна. Тус үйлдвэрт үндсэн 12,500 ажилтан, 3,500 гэрээт ажилтан ажилладаг байжээ.
J.P. Morgan болон хөрөнгө оруулалтын шинжээчдийн үзэж буйгаар энэхүү хаалт нь ArcelorMittal-ийн дэлхийн хэмжээний санхүүгийн үзүүлэлтэд хүчтэй цохилт болохгүй юм байна. ArcelorMittal компани тайландаа тусгаж буй 1 тэрбум доллар нь бэлэн мөнгөөр гарч буй зардал биш, зөвхөн хөрөнгийн үнэлгээний бууралт учраас компанийн одоогийн бэлэн мөнгөний урсгал болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд (Capex) шууд нөлөөлөхгүй бөгөөд шинжээчдийн тооцоолсноор групп компанийн үндсэн ашиг (EBITDA)-д өөрчлөлт орохгүй. Учир нь Кривой Рог үйлдвэр нь 2022 оны дайн эхэлснээс хойш хүчин чадлынхаа 30 хүрэхгүй хувиар ажиллаж байсан (Дайны өмнө жилд 4.9 сая тонн ган үйлдвэрлэдэг байсан бол 2025 онд 1.7 сая тонн болж буурсан) юм. Тус үйлдвэр хаагдсанаар Европын гангийн зах зээлд урт хугацаандаа тодорхой нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тус үйлдвэрээс Европ руу экспортолдог байсан халуун цувимал ган хуудас (Hot-rolled coil) болон хагас боловсруулсан бэлдэцийн (billets) нийлүүлэлт шууд тасарна. Нийлүүлэлт багасах нь Европын зах зээл дээрх гангийн үнийг тодорхой хэмжээгээр тогтоон барих буюу өсөхөд нөлөөлөх хөшүүрэг болж магадгүй байна.
Украйн улсын хувьд гангийн салбар нь Украины ДНБ-ий 7%, экспортын орлогын 15%-ийг бүрдүүлдэг байсан бол энэхүү хаалтаар Украины металлургийн салбар бараг 0 зогсож, улсын төсвийн татварын орлого их хэмжээгээр тасрах эрсдэлтэй юм.



