АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн эрчим хүчний газраас тус улсын цөмийн түлшний нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах амбицтай, шинэ санаачилгыг эхлүүлж байгаагаа Пүрэв гарагт зарлалаа.
Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт, мөн хиймэл оюун ухааныг дэмжих дата төвүүдийн эрчим хүчний хэрэгцээ зэргээс шалтгаалан тус улсын аюулгүй, найдвартай эрчим хүчний хэрэгцээ ирэх жилүүдэд нэмэгдэх төлөвтэй байна.
Цөмийн эрчим хүч нь одоогийн байдлаар тус улсын нийт эрчим хүчний бараг 20 хувийг хангаж байна. Цөмийн цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зогссон реакторуудыг дахин ажиллуулах болон дэвшилтэт реакторуудыг арилжааны зорилгоор нэвтрүүлж, сүлжээнд нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх хүчин чармайлтуудын үр дүн нь урт хугацаандаа цөмийн түлшний бэлэн байдлаас шууд хамаарна.
АНУ-ын одоогийн ажиллаж буй цөмийн реакторуудын парк болон ирээдүйн дэвшилтэт реакторуудыг ажиллуулахад хангалттай хэмжээний цөмийн түлшээр тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэж үзсэн байна.
Энэ хүрээнд АНУ нь Цөмийн ноёрхол -33 by 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 2033 он гэхэд дараах зорилтуудыг биелүүлэхийг зорьж байна. Үүнд аюулгүй бөгөөд зардлын хувьд өрсөлдөхүйц дотоодын түлшний нийлүүлэлтийн сүлжээг идэвхжүүлэх, дэвшилтэт реакторын нэвтрүүлэлтийг хурдасгаж, түлшний мөчлөгийг удирдах, мөн цөмийн бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлээр ажиллах хүчин, санхүүжилт, инновац болон хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлэх гэх мэт зорилтууд багтаж байна.
Ерөнхийлөгч Трамп 2025 оны 5-р сард цөмийн эрчим хүчний сэргэлтийг идэвхжүүлэх зорилгоор гүйцэтгэх засаглалын дөрвөн тушаал гаргасан юм.
Үүнээс хойш АНУ-ын Эрчим хүчний яамнаас түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх, найдвартай эрчим хүчний хангамжийг сайжруулах, мөн Америкийн баяжуулсан уран болон критикал ашигт малтмалын хувьд гадаад эх үүсвэрээс хараат байдлыг зогсооход чиглэсэн АНУ-ын компаниудтай сайн дурын гэрээ байгуулах зорилгоор DPA Консорциумыг байгуулснаа зарласан.



