Өнгөрсөн тавдугаар сард Шаньси мужийн уурхайд гарсан хүний амь эрсэдсэн ослын улмаас хэрэгжүүлсэн аюулгүй байдлын хязгаарлалтууд хэрэгжсэн хэвээр байгаа тул дотоодын үйлдвэрлэл аажмаар сэргэж байгаа юм.
Энэ цаг үед Монгол, Австрали, ОХУ-аас ирэх нүүрсний тээвэрлэлт нэмэгдэж байгаа нь үүсээд буй эрэлтийг хангахад тодорхой хэмжээгээр тусалж байгаа ч эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг бүрэн арилгах магадлал бага байна гэж "Bloomberg Intelligence" (BI)-ийн шинжээчид дүгнэсэн байна.
Гаалийн мэдээллээс үзвэл, Хятадын коксжих нүүрсний импорт наймдугаар сард 13.1 сая тоннд хүрч, долдугаар сарын оргил үеэсээ 4%-иар буурсан ч өмнөх оны мөн үеийнхээс 29%-иар өндөр хэвээр байна.
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос нүүрсний нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд Шаньсигийн ослын дараа үйл ажиллагааг нь зогсоосон уурхайнуудыг, тэр дундаа эрсдэл багатай орд газруудыг дахин ажиллуулж, олборлолтыг түргэтгэхийг уриалсан байна.
“Mysteel”-ээс 9-р сарын 16-нд хийсэн судалгаагаар Шаньси муж даяар 75 коксжих нүүрсний уурхай хаалттай хэвээр байгаа бөгөөд энэ нь жилийн 73 сая орчим тонн олборлох хүчин чадал хаалттай хэвээр байна гэсэн үг юм.
Шаньси бол Хятадын бүх төрлийн нүүрсний хамгийн том үйлдвэрлэлийн зангилаа бөгөөд нийлүүлэлтийн гол хэсгийг бүрдүүлдэг цахилгаан станцын түлшний (эрчим хүчний нүүрс) спот үнэ сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшний орчимд байна. Мөн Далианы түүхий эдийн бирж дээр 8-р сарын 31-нд сүүлийн хоёр жилийн хамгийн дээд цэгтээ хүрч, тонн нь 1,729 юань ($258) болж хаагдсан коксжих нүүрсний фьючерс үнэ түүнээс хойш 12%-иар буурч, 1,523.50 юань болоод байна.
Монгол улсын хувьд оны эхний хагас жилийн үзүүлэлтээр БНХАУ-ын нүүрсний импортын зах зээлд Индонези улсын дараагаар хоёрдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд хэрэв Хятадын дотоодын нийлүүлэлт бүрэн сэргэж чадахгүйгээр дараа жилтэй золговол манай улсын хувьд экспортоо нэмэгдүүлэх зах зээлийн таатай нөхцөл үргэлжилсээр байхаар байна.
Саяхан болсон уул уурхайн 7 хоног буюу MinePro 2026 арга хэмжээний үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Miningtv.mn сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр Монгол улсын нүүрсний экспорт нь энэ онд төлөвлөгөөндөө хүрнэ гэж тооцож байгаа бөгөөд оны эцэс гэхэд 110 -120 сая тонн нүүрс экспортлох хүлээлттэй байгаа тухай мэдээлсэн юм.
Хэдийгээр БНХАУ-ын зах зээл дээр ийнхүү коксжих болон эрчим хүчний нүүрсний эрэлт тогтвортой нэмэгдэж байгаа нь таатай мэдээ болов ч нөгөөтэйгүүр энэхүү “цонх” үеийг ашиглан экспортоо өсгөхийн тулд манай улсын хувьд экспортын дэд бүтцийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хил холболтын төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна.
Энэхүү “цонх” үеийг ашиглан БНХАУ-руу нүүрс экспортлогч голлох улсууд болох Индонези, Монгол, ОХУ, Австрали зэрэг улсууд зах зээлийн нөлөөгөө тэлэх өрсөлдөөнд орж байна гэж хэлж болно. Газарзүйн байрлалын хувьд Монгол улс эдгээр улсуудаас дутахгүй ч нийлүүлэлтийн дэд бүтцийн хүчин чадлын хувьд зарим талаар сул байгаа нь бодит үнэн юм.



