Reuters агентлагийн мэдээлснээр Lohum одоогоор Энэтхэгийн Гужарат муж дахь үйлдвэртээ дахин боловсруулсан материалаас жилд ойролцоогоор 1,000 тонн никель үйлдвэрлэдэг. Харин батарейн үйлдвэрлэл болон цахилгаан автомашины эрэлттэй холбоотойгоор никелийн нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Компанийн төлөвлөгөө зөвхөн никелиэр хязгаарлагдахгүй. Lohum нийт төлөвлөгөөгөө санхүүжүүлэхийн тулд ойрын 12–18 сарын хугацаанд 30 тэрбум рупи буюу ойролцоогоор 315 сая ам.долларын хөрөнгө босгохоор зорьж байна. Үүний тодорхой хэсгийг хувьцааны санхүүжилт, үлдсэн хэсгийг өрийн эх үүсвэрээр бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн тус компани Зимбабве улсад литийн олборлолт хийхээр төлөвлөж байна. Тус компани 10 литийн талбайн эрх авсан бөгөөд тэнд ойролцоогоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байна. Олборлосон хүдрийг литийн сульфат болгон боловсруулах замаар Энэтхэгт нийлүүлж, улмаар илүү өндөр үнэ цэнтэй литийн карбонат үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна Энэтхэгийн Уттар-Прадеш мужид жилд 5,000 тонн катодын идэвхтэй материал үйлдвэрлэх үйлдвэр байгуулж байна. Шаржа хотод литий-ион батарей дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд Зүүн Өмнөд Азид газрын ховор элементийн нөөц судалж эхэлжээ.
Энэтхэг улс батарей болон цахилгаан автомашины үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтээ төрөлжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Lohum-ийн төлөвлөгөө энэ чиг хандлагын нэг жишээ болж байна.



