Австралийн коксжих нүүрс олборлогч Tahmoor Coal компани уурхайн үйл ажиллагаагаа сэргээх зорилгоор RRJ Capital-аас A$140 саяын private-credit санхүүжилт татжээ.
Таван жилийн хугацаатай уг зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан бөгөөд зээлийн хөрөнгө одоогоор бүрэн олгогдоогүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Зээлийн хэлцлийг Австралийн хөрөнгө оруулалтын банк, зөвлөх үйлчилгээний “Grant Samuel” зохион байгуулсан байна. Tahmoor Coal нь Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид байрладаг бөгөөд гангийн үйлдвэрлэлд ашигладаг коксжих нүүрс олборлодог компани юм. Тус уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор олборлолтыг дахин эхлүүлэхэд шинэ санхүүжилт шаардлагатай болсон байна. Шинэ зээл нь уурхайн үйл ажиллагааг сэргээхэд шаардлагатай хөрөнгө болон өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд ашиглагдах юм. Үйл ажиллагаа сэргэснээр тус уурхай коксжих нүүрсний олборлолтоо дахин эхлүүлэх боломжтой болж улмаар Tahmoor Coal зээлээ эргэн төлөхөд хүндрэл учирсан тохиолдолд RRJ Capital нь барьцаанд байгаа хөрөнгийг авах нөхцлөөр гэрээ хийгджээ. Энэхүү хэлцэл нь Австралийн уул уурхайн салбарт банкнаас бусад хувийн санхүүжилтийн эх үүсвэрийн ач холбогдол нэмэгдэж байгааг харуулж байна. Уурхайн үйл ажиллагааг сэргээхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай байдаг бөгөөд банкны зээл авах боломж хязгаарлагдмал үед хувийн хөрөнгө оруулагчид болон зээлийн сангуудын санхүүжилт чухал эх үүсвэр болдог. RRJ Capital-ийн хувьд таван жилийн хугацаатай энэхүү зээлээр дамжуулан Tahmoor Coal-ийн үйл ажиллагаа сэргэсний дараах мөнгөн орлогоос зээлийн үндсэн төлбөр болон хүүгээ буцаан авахын зэрэгцээ барьцааны эрхээр дамжуулан зээлийн эрсдэлээ бууруулах боломжтой болж байна.
Австралийн Сидней хотоос баруун өмнөд зүгт орших Wollondilly бүс нутгийн Тахмор болон Барго хотуудын ойролцоо байрладаг тус гүний уурхай нь голчлон Longwall mining аргаар олборлолт явуулдаг.
Тус уурхайгаас гангийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай хатуу коксжих нүүрс (Hard coking coal) болон эрчим хүчний нүүрс гаргаж авдаг. Жилд дунджаар 2.7–3 сая тонн орчим нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд олборлосон нүүрсийг төмөр замаар Port Kemblaэкспортын терминал руу тээвэрлэдэг.
Тус уурхай нь 1979 онд анх ашиглалтад орсноос хойш хэд хэдэн томоохон компаниудын гар дамжсан түүхтэй. Бритиш Петролиум (BP), Xstrata, болон Glencore компаниуд эзэмшиж байгаад, 2018 онд Санжив Гуптагийн удирддаг GFG Alliance (SIMEC Mining салбар) корпорацид шилжсэн байна.
Тус уурхай нь өмнөх эзэмшигч GFG Alliance-ийн санхүүгийн хүндрэлээс шалтгаалан 2025 оны 2 дугаар сард үйл ажиллагаагаа зогсоож, улмаар 2026 оны эхээр татан буулгах процесст орсон байна. Үүнээс үүдэж 400 гаруй ажилчид ажилгүй болоод байсан юм. Гэвч 2026 оны дундуур тус уурхайг тэрбумтан Мэтт Латиморын удирддаг GEAR M консорциум худалдан авсан бөгөөд шинэ эзэмшигч нь уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлэхийн тулд RRJ Capital-аас ийнхүү 140 сая ам.долларын зээлийн санхүүжилт босгож чаджээ.
Уурхайн үйл ажиллагааг сэргээж, уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөхийн зэрэгцээ уурхайн насжилтыг дахин 10 гаруй жилээр уртасгах "Tahmoor South" өргөтгөлийн төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.



