Хятадын зах зээлд 2026 оны 9 дүгээр сарын дунд үеийн байдлаар 97%-ийн агуулгатай нойтон жоншны нунтагны (acid-grade wet fluorspar powder) үйлдвэрийн үнэ 3,700–3,800 юань/тонн (ойролцоогоор $520–$535/тн) орчимд тогтвортой, жилийн өмнөхөөс 10.84%-иар өссөн үзүүлэлттэй байна
Дэлхийн жоншны зах зээл 2026 онд 8.34 сая тонноос эхлэн 2031 он гэхэд 9.58 сая тоннд хүрч, жил бүр дунджаар 2.81%-иар (CAGR) өсөх төлөвтэй байна. Зах зээл дээр жоншны эрэлтийг дэмжиж буй дараах үндсэн шалтгаанууд байна. Тухайлбал, Лити-ион батерей болон Цахилгаан машин (EV)-ны үйлдвэрлэл нэмэгдэж байна. Жоншны дээд зэрэглэлийн хүчлийн ангилал (acidspar) нь лити-ион батерейн холбогч (PVDF Binder) болон электролитийн давс (LiPF6)-ийн үйлдвэрлэлд нэн чухал түүхий эд болж байна. Энэ салбарын ашиг уламжлалт салбараас 2-3 дахин өндөр байгаа тул эрэлт эрс нэмэгдэж байна. Мөн хиймэл оюун ухааны дата төвүүдийн шингэн хөргөлтийн системд фторт суурилсан бодисууд ашиглагдаж эхэлсэн нь жоншны шинэ эрэлтийг үүсгэж байна.
Тэгвэл нийлүүлэлтийн талд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Хятад улс дотоодын уурхайнууддаа байгаль орчин, аюулгүй байдлын шалгалт чангатган, 2026 оны 1 дүгээр сараас экспортын тусгай зөвшөөрлийн шинэ журам хэрэгжүүлж, квот тогтоож эхэлсэн. Энэ нь дэлхийн зах зээл дэх спот (бэлэн) жоншны нийлүүлэлтийг хумьж байна.
Хятадын дотоодын уурхайнууд хаагдаж, хязгаарлалт тавигдсанаар Хятадын жоншны импортын 86%-ийг Монгол улс дангаараа хангаж байна. Олон улсын шинжээчдийн зүгээс Монгол Улсын жоншны олборлолт, түүхий эд боловсруулах хүчин чадал 2026 онд дахин 10%-15%-иар өснө гэж таамаглаж байна.
Жонш нь уламжлалт металлургийн түүхий эд байхаа больж, ногоон шилжилт, өндөр технологийн стратегийн чухал ашигт малтмалд тооцогдох болов. Олон улсад нийлүүлэлт хомсдолтой хэвээр байгаа тул үнэ цаашид ч савлагаатайгаар өсөх хандлагатай байна.



