Reuters-ийн есдүгээр сарын 13-нд нийтэлсэн дүн шинжилгээнд иттриум гэх харьцангуй бага танигдсан металл олон улсын худалдаа, геополитикийн маргааны нэг хэсэг болж байгааг онцолжээ. Иттриум нь сансар, хагас дамжуулагч, эрчим хүч зэрэг өндөр технологийн салбаруудад ашиглагддаг бөгөөд нийлүүлэлтэд Хятад улс давамгай байр суурьтай байна.
Энэ нь критикал ашигт малтмалын үнэ цэнэ зөвхөн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдохоо больсныг харуулж байна.
Улс орнууд стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийг үндэсний аюулгүй байдлын асуудал гэж үзэж эхэлсэн. Хэрэв тодорхой нэг улс тухайн ашигт малтмалын олборлолт эсвэл боловсруулалтын дийлэнх хувийг хянаж байвал экспортын бодлого нь бусад улсын аж үйлдвэрт шууд нөлөөлөх боломжтой.
Европын Холбоо ч мөн энэ эрсдэлийг бууруулахыг зорьж байна. Гэвч Европын стратегийн критикал ашигт малтмалын төслүүдийн зарим нь санхүүжилтийн хүндрэлтэй тулгарч байна. Reuters-ийн мэдээлснээр ЕХ-ны стратегийн санаачилгад сонгогдсон 60 төслийн 23 нь санхүүжилт, зах зээлийн хүртээмж болон зөвшөөрлийн үйл явцын талаар яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ.
Эндээс нэг чухал асуудал гарч ирнэ. Критикал ашигт малтмалын ордтой байх нь дангаараа хангалтгүй. Түүнийг олборлох, баяжуулах, боловсруулах, тээвэрлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх сүлжээг бий болгох шаардлагатай.
Монголын хувьд энэ асуудал стратегийн ач холбогдолтой. Манай улс зэс, нүүрс, алт, жонш зэрэг олон төрлийн ашигт малтмалын нөөцтэй ч эдгээрийг боловсруулах үйлдвэрлэлийн түвшин харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна.
Ирээдүйд дэлхийн зах зээл “хэн хамгийн их ашигт малтмалтай вэ?” гэдгээс гадна “хэн хамгийн найдвартай нийлүүлж, боловсруулж, нэмүү өртөг шингээж чадах вэ?” гэсэн асуултаар өрсөлдөх төлөвтэй.



