Түүний мэдээлснээр уул уурхайн салбар нь зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна ойролцоогоор 30 сая ажлын байр бий болгох боломжтой байна. Энэхүү тооцоолол нь Энэтхэгийн эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон стратегийн ашигт малтмалын хэрэгцээтэй уялдаж байна.
Энэтхэг улс дэлхийн хамгийн хурдтай өсөж буй томоохон эдийн засгуудын нэг. Хүн амын өсөлт, хотжилт, цахилгаан хэрэглээ, үйлдвэрлэлийн салбарын өргөжилт нь тус улсын түүхий эдийн хэрэгцээг нэмэгдүүлж байна.
Үүний зэрэгцээ Энэтхэг улс Хятадаас тодорхой төрлийн критикал ашигт малтмалын хамаарлаа бууруулах бодлого хэрэгжүүлж байна. Ялангуяа газрын ховор элемент, батарейн материал, цахилгаан автомашины үйлдвэрлэлтэй холбоотой түүхий эдэд дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхол өндөр байна.
Уул уурхайн салбарыг эдийн засгийн урт хугацааны өсөлтийн хөдөлгүүр гэж үзэх болсон нь энэ бодлогын нэг хэсэг юм. Энэтхэгийн хувьд ашигт малтмал олборлох төдийгүй боловсруулах, үйлдвэрлэлтэй холбох нь чухал.
Өөрөөр хэлбэл уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоод зогсохгүй дотоодын ган, цемент, химийн үйлдвэрлэл, батарей, цахилгаан автомашин болон өндөр технологийн үйлдвэрлэлийн түүхий эд болгох замаар нэмүү өртгийг дотооддоо үлдээх зорилт тавьж байна.
Энэ загвар Монголын хувьд мөн сонирхолтой. Монголын эдийн засаг уул уурхайн экспортод өндөр хамааралтай хэвээр байгаа бөгөөд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг түүхий эдийн үнэ эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлдөг.
Хэрэв уул уурхайн салбарыг зөвхөн олборлолтоор хэмжих бус боловсруулах үйлдвэр, инженерчлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, ложистик, программ хангамж, дата үйлчилгээтэй холбож чадвал салбарын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломжтой.
Энэтхэгийн жишээ нь уул уурхайг зөвхөн экспортын орлогын эх үүсвэр бус аж үйлдвэржилтийн суурь гэж үзэж байгаагаараа анхаарал татаж байна.



