АНУ-ын Эрчим хүчний яамны Критикал ашигт малтмал ба эрчим хүчний инновацийн байгууллагаас есдүгээр сарын 9-нд мэдээлснээр санхүүжилт нь “Mine of the Future” санаачилгын хүрээнд хэрэгжих бөгөөд дөрвөн төслийг дэмжихээр сонгосон байна.
Эдгээр төслүүдийн гол зорилго нь лабораторийн түвшинд байгаа технологийг бодит уурхайн орчинд туршиж, арилжааны хэрэглээнд ойртуулах явдал юм.
Уул уурхайн салбарт автоматжуулалт, цахилгаанжуулалт, робот техник, хиймэл оюун ухаан болон алсын удирдлагын системийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Гэхдээ шинэ технологийг лабораториос шууд уурхайд нэвтрүүлэх нь өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс бодит уурхайн орчинд турших тусгай талбай байгуулах нь технологийн хөгжлийн чухал үе шат болж байна.
АНУ-ын хувьд энэ асуудал стратегийн шинжтэй. Учир нь тус улс батарей, цахилгаан автомашин, батлан хамгаалах үйлдвэрлэл, электроник болон эрчим хүчний салбарт шаардлагатай критикал ашигт малтмалын тодорхой хэсгийг импортоор хангадаг.
Иймээс зөвхөн шинэ орд нээхээс гадна олборлолтын бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэрэв ижил хэмжээний хүдрээс илүү их металл гаргаж авах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, усны хэрэглээг багасгах, уурхайн тоног төхөөрөмжийг цахилгаанжуулах боломжтой бол тухайн улсын дотоодын нийлүүлэлтийн чадавх нэмэгдэнэ.
Уул уурхайн технологийн өөрчлөлт нь хөдөлмөрийн бүтээмжид мөн нөлөөлнө. Автономит тээврийн хэрэгсэл, алсын удирдлагатай өрөмдлөг, хиймэл оюун ухаанд суурилсан геологийн загварчлал, тоног төхөөрөмжийн урьдчилан таамаглах засвар үйлчилгээ зэрэг технологиуд уурхайн зардлыг бууруулах боломжтой.
Энэ чиглэл Монголын уул уурхайн салбарт ч хамааралтай. Томоохон уурхайнуудад автоматжуулалт тодорхой хэмжээнд нэвтэрсэн боловч дотоодын инженер, технологийн компаниудын оролцоог нэмэгдүүлэх боломж их байна.
АНУ-ын $73 саяын хөтөлбөрийн хамгийн чухал санаа нь “Mine of the Future” буюу ирээдүйн уурхайг зөвхөн шинэ тоног төхөөрөмжөөр бус, өгөгдөл, автоматжуулалт, цахилгаан эрчим хүчний менежмент, хиймэл оюун ухаан болон хүний оролцоог шинэчлэн зохион байгуулах замаар бий болгоход оршиж байна.



