China Mineral Resources 2026 тайланд дурдсанаар шинээр илрүүлсэн ордуудын дотор 16 алтны болон 11 төмрийн орд багтсан байна. Энэ нь дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн эдийн засгуудын нэг болох Хятад улс ашигт малтмалын нөөцөө тогтвортой нэмэгдүүлэхийг зорьж байгааг харуулж байна.
Хятадын хувьд ашигт малтмалын нөөцийн асуудал нь зөвхөн уул уурхайн салбарын асуудал биш юм. Тус улс дэлхийн үйлдвэрлэлийн хамгийн том төвүүдийн нэг бөгөөд ган, цахилгаан автомашин, батарей, нарны эрчим хүч, салхин турбин, электроник болон өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд асар их хэмжээний түүхий эд шаарддаг.
Иймээс дотоодын ашигт малтмалын нөөцөө нэмэгдүүлэх нь импортын хамаарлыг бууруулах стратегийн ач холбогдолтой.
Ялангуяа дэлхийн хэмжээнд критикал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн ширүүсэж байгаа үед Хятадын хайгуулын бодлого анхаарал татаж байна. Газрын ховор элемент, вольфрам, графит зэрэг тодорхой түүхий эдийн олборлолт, боловсруулалтад Хятад улс хүчтэй байр суурьтай хэвээр байна.
АНУ-ын Геологийн албаны 2026 оны мэдээллээр Хятад улс 77 төрлийн ашигт малтмалын 74-ийг үйлдвэрлэж байгаа бөгөөд 39 төрлийн ашигт малтмалын дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч байна.
Энэ нөхцөлд шинээр орд илрүүлэхээс гадна боловсруулах технологи нь Хятадын стратегийн чухал давуу тал болж байна. Уурхайгаас гарсан түүхий эдийг өндөр нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн болгох хүртэлх үйлдвэрлэлийн сүлжээ нь тухайн улсын дэлхийн зах зээлд эзлэх байр суурийг тодорхойлдог.
Хятадын 2025 оны 200 шинэ ордын мэдээлэл нь дэлхийн эрдэс баялгийн салбарт бас нэг чухал дохио өгч байна. Томоохон эдийн засагтай орнууд зөвхөн одоо ажиллаж байгаа уурхайдаа найдахгүй, ирээдүйн түүхий эдийн хэрэгцээг хангахын тулд геологийн хайгуулдаа ихээхэн хөрөнгө зарцуулж байна.
Монголын хувьд энэ нь геологийн судалгаа, хайгуулын ажлын ач холбогдлыг дахин харуулж байна. Ашигт малтмалын нөөцтэй байх нь хангалтгүй бөгөөд дэлхийн эрэлттэй уялдсан шинэ орд, нөөцийг тогтоох, эдийн засгийн үр ашигтайгаар ашиглах, цаашлаад боловсруулах үйлдвэрлэлтэй холбох шаардлагатай.



