Зэсийн зах зээлд нэг талаас эрэлт нэмэгдэж байгаа бол нөгөө талаас шинэ уурхайн төслүүдийг үйлдвэрлэлд оруулах хугацаа урт, олборлолтын зардал өсөж, хүдрийн агуулга буурч байгаа нь нийлүүлэлтийн талд дарамт үүсгэж байна. Сүүлийн жилүүдэд томоохон зэсийн ордуудын шинээр ашиглалтад орох хурд удааширсан нь зах зээлийн бүтцийн асуудлыг улам тодруулж байна.
MarketWatch-ийн мэдээлснээр зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр тонн тутамд ойролцоогоор 14,800 ам.долларт хүрч, COMEX-ийн фьючерсийн үнэ фунт тутамд 6.87 ам.долларт хүрсэн байна. Өндөр үнэ нь зөвхөн эрэлттэй холбоотой биш бөгөөд АНУ-ын тарифын бодлоготой холбоотой тодорхойгүй байдал мөн зах зээлийн үнийн зөрүүг нэмэгдүүлж байна.
Зэсийн эрэлтийг дэмжиж буй шинэ хүчин зүйлсийн нэг нь хиймэл оюун ухааны салбар юм. Томоохон дата төвүүдийг байгуулахад асар их хэмжээний цахилгаан эрчим хүч, өндөр хүчин чадлын цахилгаан дамжуулах сүлжээ шаардлагатай. Үүний зэрэгцээ сервер, хөргөлтийн систем, трансформатор, цахилгаан тоног төхөөрөмж зэрэгт зэс өргөн хэрэглэгддэг.
Энэ нь өмнө нь зэсийн эрэлтийн гол хөдөлгөгч байсан барилга, үйлдвэрлэл, цахилгаан автомашинаас гадна шинэ томоохон хэрэглээ бий болж байгааг харуулж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн 2026 оны тайланд ч зэс зэрэг үндсэн металлын үнэ 2025 оны эхнээс 2026 оны хавар хүртэл мэдэгдэхүйц өсөж, зэс түүхэн дээд түвшинд хүрснийг онцолсон байна. Агентлагийн үзэж буйгаар эрчим хүчний шилжилт болон технологийн салбарын өсөлт нь критикал ашигт малтмалын зах зээлийг улам чухал болгоно.
Монголын хувьд зэсийн үнийн өсөлт нь онцгой ач холбогдолтой. Зэс нь Монголын экспортын гол бүтээгдэхүүний нэг бөгөөд дэлхийн зах зээлийн үнэ өндөр байх үед экспортын орлого, төсвийн орлого болон уул уурхайн компаниудын мөнгөн урсгалд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
Гэхдээ өндөр үнэ дангаараа хангалттай биш. Уул уурхайн компаниудын үйлдвэрлэлийн зардал, баяжмалын чанар, тээвэр логистик, татварын орчин болон зах зээлийн нөхцөл зэрэг хүчин зүйлс эцсийн орлогод нөлөөлнө.
Иймээс зэсийн өнөөгийн өсөлтийг богино хугацааны үнийн хөдөлгөөнөөс илүүтэй дэлхийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлттэй холбон харах шаардлагатай байна. Хэрэв эрчим хүчний шилжилт, хиймэл оюун ухааны дэд бүтцийн хөрөнгө оруулалт үргэлжилж, шинэ уурхайн нийлүүлэлт хангалттай хэмжээнд нэмэгдэж чадахгүй бол зэсийн зах зээлд өндөр үнийн орчин цаашид үргэлжлэх боломжтой.



