АНУ-ын засаг захиргаа дотоодын зэсийн олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор импортын зэсэд нэмэлт тариф ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа ч одоогоор эцсийн шийдвэр гаргаагүй байна. Тариф нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих давуу талтай ч зэсийг түүхий эд болгон ашигладаг цахилгаан тоног төхөөрөмж, автомашин, барилга зэрэг салбарын зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.
Зэсийн үнэ яагаад өссөн бэ?
Зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд түүхэн дээд түвшинд хүрч, тонн нь 14,700 ам.доллароос давсан байна. Өсөлтөд нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нөхцөл, цахилгаан эрчим хүчний сүлжээ болон цахилгаан автомашины эрэлт, мөн АНУ импортын зэсэд тариф тавьж магадгүй гэсэн хүлээлт нөлөөлжээ.
Ялангуяа тарифын хүлээлт нь зах зээлд нэг сонирхолтой үзэгдэл үүсгэсэн. Худалдаачид АНУ-д тариф хэрэгжихээс өмнө зэсээ нөөцлөхөөр их хэмжээгээр татаж эхэлсэн тул АНУ дахь зэсийн нөөц огцом нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ зэс олон улсын зах зээл рүү буцаж очих урсгал багасч, дэлхийн бусад зах зээлд нийлүүлэлт чангарсан. АНУ-ын зорилго нь гадаадын зэсээс хамааралтай байдлаа бууруулах, олборлолт, хайлуулалт, боловсруулалт хийх төслүүдийг эдийн засгийн хувьд илүү ашигтай болгох юм. АНУ жил бүр зэсийн хэрэгцээнийхээ ойролцоогоор тал хувийг импортоор хангадаг. Харин тус улсад одоогоор ердөө хоёр зэс хайлуулах үйлдвэр ажиллаж байгаа гэж “Reuters” мэдээлжээ. 2015 оноос хойш боловсруулсан зэсийн импорт 16 дахин өссөн бол дотоодын үйлдвэрлэл 20 хувиар буурсан байна.
Ийм нөхцөлд импортын тариф тавибал гадаад улсуудаас орж ирсэн зэс АНУ-д илүү үнэтэй болно.
Гэхдээ нөгөө талд нь том асуудал бий.
Зэс бол зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн биш. Үүнийг маш олон салбар түүхий эд болгон ашигладаг.
Жишээлбэл:
• цахилгаан кабель;
• цахилгаан тоног төхөөрөмж;
• автомашин;
• барилга;
• цахилгаан эрчим хүчний сүлжээ;
• электроник;
• дата төв;
• сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж.
Тиймээс импортын зэсэд тариф тавихад зөвхөн зэсийн худалдаачид хохирохгүй юм. Зэс ашигладаг АНУ-ын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх эрсдэлтэй юм.



