Тус хуулийн дагуу төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд тодорхой төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг (нүүрс, төмрийн хүдэр, зэс, жонш гэх мэт) зөвхөн биржээр дамжуулан заавал арилжаалах үүрэг хүлээдэг.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр уул уурхайн экспортын орлого, ил тод байдал эрс нэмэгдсэн ч практик дээр зарим хүндрэл гарсантай холбогдуулан зохицуулалтыг уян хатан болгох алхмууд хийгдэж байна.
Засгийн газраас биржийн арилжааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гэрээний нэр төрлийг олшруулах, худалдан авагч талын дэнчин царцаж мөнгөн урсгал саатах зэрэг бизнесийн дарамтыг бууруулах чиглэлээр "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталж, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож байна. Мөн 2026 онд “Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-ыг шинээр боловсруулан батлуулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Тэгвэл энэхүү шинэчилсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд "Монголын хөрөнгийн бирж" ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 44 хувиас багагүй молибдены агуулгатай баяжмал 520 НМТ (нойтон метр тонн) 468 ХМТ (хуурай метр тонн)-ын доод үнийг 28,317.9 ам.доллароор дуудлага арилжаанд оруулсан байна.
Арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд молибдены баяжмалын үнэ тонн тутамд 5,450 ам.доллароор өсч, хэлцлийн үнэ 33,767.9 ам.доллар/тонн болсон бөгөөд нийт 15,803,377.2 ам.доллароор тухайн бүтээгдэхүүн амжилттай арилжаалагджээ. Тодруулбал молибдений үнэ нь анхны үнээсээ тонн тутамд 5,450 ам.доллараар буюу 19.25%-иар өссөн байна.
Энэхүү арилжаа анх удаа амжилттай зохион байгуулагдсанаар молибдены баяжмалын борлуулалтын сувгийг өргөжүүлэх, худалдан авагчдын оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн бодит нөхцөлд тулгуурлан үнэ тогтоох чухал алхам болсон байна.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ цаашид молибдены баяжмалын биржийн арилжааг тогтмол зохион байгуулж, борлуулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэж мэдэгдсэн байна.



