USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Уул уурхайн хувьцаануудын өсөлт пүрэв гарагт огцом зогсож, металлын зах зээл бүхэлдээ хүчтэй борлуулалтын дарамтад орлоо.
Эдийн засаг

Уул уурхайн хувьцаануудын өсөлт пүрэв гарагт огцом зогсож, металлын зах зээл бүхэлдээ хүчтэй борлуулалтын дарамтад орлоо.

АНУ-ын үйлдвэрлэгчдийн үнийн индексийн үзүүлэлт болон баррель нефтийн үнэ 105 ам.доллараас давсан нь Холбооны нөөцийн сан ирэх долоо хоногт бодлогын хүүгээ нэмэх магадлалыг ойролцоогоор 70 хувьд хүргэсэн байна.

Уул уурхайн хувьцаануудын өсөлт пүрэв гарагт огцом зогсож, металлын зах зээл бүхэлдээ хүчтэй борлуулалтын дарамтад орлоо.

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 11

Хуваалцах:

Үүний зэрэгцээ Цагаан ордны зэсийн импортод ногдуулах тарифын төлөвлөгөө саатсан гэх мэдээлэл тархсан нь дөрвөн өдөр дараалан дээд амжилт тогтоосон зэсийн үнийн өсөлтийг огцом эргүүлэв.

Нью-Йоркийн Comex биржид арванхоёрдугаар сард нийлүүлэх зэсийн фьючерсийн үнэ 5.4 хувиар буурч, фунт нь 6.5160 ам.долларт хүрсэн нь өмнөх өдөр тогтоосон 6.8885 ам.долларын түүхэн дээд түвшнээс мэдэгдэхүйц доогуур үзүүлэлт байлаа. Пүрэв гарагийн үдээс хойш үнэ 5.3 хувийн бууралттайгаар 6.5220 ам.доллар буюу тонн нь ойролцоогоор 14,380 ам.долларт хүрчээ.

Мөн Comex-ийн арванхоёрдугаар сарын алтны фьючерсийн үнэ 2.1 хувиар буурч, унци нь 4,365.40 ам.долларт хүрсэн бөгөөд дараа нь алдагдлаа бага зэрэг нөхөж, 1.6 хувийн бууралттайгаар 4,391 ам.долларт арилжаалагдсан байна. Мөнгөний үнэ 6.1 хувиар унаж, унци нь 64.455 ам.долларт хүрсэн бол сүүлд 5.9 хувийн бууралттайгаар 64.575 ам.долларт тогтжээ. Платин болон палладиумын үнэ мөн тус бүр 6 хувиас илүү буурсан байна.

Зэсийн үнийн огцом уналтад Цагаан ордон боловсруулсан зэсэнд ногдуулах тарифын асуудлаар эцсийн шийдвэр гаргаагүй гэх Reuters агентлагийн мэдээлэл голлон нөлөөлжээ. АНУ-ын эрх баригчид тариф нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулийн өмнө хэрэглэгч болон бизнесийн зардалд дарамт учруулж болзошгүй эрсдэлийг тооцож байгаа аж.

АНУ-ын зах зээлд зэсийн тариф тогтооно гэсэн хүлээлт он гарснаас хойш металлыг их хэмжээгээр тус улсын агуулахуудад татан төвлөрүүлэх шалтгаан болсон. Одоогоор Comex-ийн агуулах дахь зэсийн нөөц 695,624 тонн хүрсэн нь Лондонгийн металлын бирж болон Шанхайн биржийн агуулахуудад үлдсэн нөөцийг нийлүүлснээс хоёр дахин их байна.

Зэсийн ханшийн өсөлтөд хэт их бооцоо тавьсан хедж сангууд болон зэсийн үнэ S&P 500 индексийн хөдөлгөөнтэй олон арван жилийн дээд түвшинд хүрсэн уялдаа нь үнийн бууралтыг улам хүчтэй болгожээ. Тарифын нэмэгдлийн хүлээлт суларсан энэ үед зах зээлд үнэ буурах эрсдэлийг шингээх орон зай бага байсан байна.

Алтны үнэ мөн Ойрх Дорнод дахь хурцадмал байдлын улмаас Брент төрлийн нефтийн үнэ огцом өссөнтэй холбоотойгоор дарамтад оржээ. Нефтийн үнэ өсөхийн хэрээр инфляцын дарамт нэмэгдэж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэх магадлал нэмэгдсэн байна. Своп зах зээлийн арилжаачид есдүгээр сард хүү өсөх магадлалыг тухайн өдрийн эхэнд ойролцоогоор 60 хувь гэж тооцож байсан бол дараа нь 70 орчим хувь болгож нэмэгдүүлжээ.

Холбооны нөөцийн сангийн хурлын өмнөх хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох хэрэглээний үнийн мэдээлэл баасан гарагт гарах юм. Ам.долларын ханш болон АНУ-ын Төрийн сангийн бондын өгөөж зэрэг өссөн нь үнэт металлуудад давхар дарамт үзүүлсэн байна.

Наймдугаар сард алтнаас илүү хурдацтай өссөн мөнгөний үнэ энэ удаад алтнаас дөрөв гаруй дахин ихээр буурчээ. Мөнгөний үнэ наймдугаар сард гурван долоо хоног хүрэхгүй хугацаанд 20 орчим хувиар өссөн боловч одоо уг өсөлтийн дараах түвшнээс 6 хувиар буураад байна. 2026 оны эхнээс мөнгөний үнэ нийтдээ 9 хувиар буурсан бөгөөд нэгдүгээр сард унци нь 121.64 ам.долларт хүрч байсан юм.

Зэсийн үнийн уналт уул уурхайн компаниудын хувьцаанд хүчтэй нөлөөлөв. Дэлхийн хамгийн том бүртгэлтэй зэс үйлдвэрлэгчдийн нэг Freeport-McMoRan-ийн хувьцаа Нью-Йоркийн арилжаагаар 7 гаруй хувиар буурсан байна. Тус компанийн 15 сая хувьцаа арилжаалагдсан нь өмнөх хоёр долоо хоногийн бүтэн өдрийн дундаж арилжааны хэмжээнээс давжээ. Үүний улмаас Freeport-McMoRan-ийн зах зээлийн үнэлгээ 101.7 тэрбум ам.доллар болж буурсан бөгөөд хувьцааны үнэ дахин 2 хувиар буурвал наймдугаар сарын өсөлтийн үеэр анх давсан 100 тэрбум ам.долларын босгоос доошлох юм.

Teck Resources-ийн хувьцаа мөн 6 хувиас илүү буурсан бол Southern Copper ойролцоогоор ижил хэмжээгээр унаж, Мексикийн компанийн зах зээлийн үнэлгээнээс 10 гаруй тэрбум ам.доллар арчигджээ. Antofagasta-ийн хувьцаа 7 хувиар, Anglo American, Lundin Mining болон First Quantum-ийн хувьцаанууд тус бүр 6 хувиас илүү буурсан байна.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь Makoko зэсийн ордын нээлт өргөжсөнтэй холбоотойгоор өмнөх долоо хоногт 17 хувиар өссөн Ivanhoe Mines-ийн хувьцаа энэ удаад өсөлтийнхөө 5 хувийг буцаан алдлаа. Томоохон төрөлжсөн уул уурхайн компаниуд ч мөн зах зээлийн дарамтад орж, BHP-ийн хувьцаа Нью-Йоркийн арилжаагаар 6 хувиар, Rio Tinto 4 гаруй хувиар тус тус буурсан байна.

Энэ удаагийн огцом бууралт уул уурхайн салбар түүхэн дэх хамгийн хүчтэй өсөлтийн нэг сарын дараа тохиож байна. Дэлхийн хамгийн том 50 уул уурхайн компанийн нийт зах зээлийн үнэлгээ зөвхөн наймдугаар сард 357 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь сарын дүнгээрээ урьд өмнө байгаагүй өндөр өсөлт байв. Энэ хугацаанд алтны үнэ ойролцоогоор 10 хувиар өсөж, зэсийн үнэ АНУ-ын тарифын хүлээлтээр фунт нь 7 ам.долларт ойртсон юм.

Цагаан ордон боловсруулсан зэсэнд ногдуулах тарифын хэмжээг одоогоор эцэслэн шийдээгүй байна. АНУ-ын эрх баригчид үйлдвэрлэлийн зардал болон хэрэглэгчдийн худалдан авах чадварт тарифын нөлөөллийг анхаарч байгаа аж. Цагаан ордны албан тушаалтны мэдээлснээр Худалдааны яам зэс болон бусад стратегийн үйлдвэрлэлийн түүхий эдийн дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх тайлангаа зургадугаар сарын 30-ны эцсийн хугацаанд хүргүүлсэн бөгөөд захиргаа одоогоор бүх хувилбарыг судалж байгаа юм.

Өмнө нь Худалдааны сайд Ховард Латник боловсруулсан зэсэнд 2027 оны нэгдүгээр сараас 15 хувийн, 2028 оноос 30 хувийн тариф ногдуулах хувилбарыг авч үзэх чиглэл авсан боловч одоогоор энэ санал хэрэгжих эсэх нь тодорхойгүй байна.

Энэ нөхцөл байдал 2025 оны үйл явдлыг санагдуулж байна. Тухайн үед зах зээл зэс агуулсан бүх бүтээгдэхүүнд өргөн хүрээний тариф ногдуулна гэж хүлээж байсан ч Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сард зөвхөн хоолой, утас болон бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнд тариф тогтоохоор шийдэж байв.

АНУ-ын боловсруулсан зэсийн импорт 2015 оноос хойш 16 дахин өссөн бол дотоодын үйлдвэрлэл 20 хувиар буурсан байна. АНУ-д одоогоор Freeport болон Rio Tinto компанийн эзэмшлийн ердөө хоёр зэс хайлуулах үйлдвэр ажиллаж байгаа нь нийлүүлэлтийн бүтцийн эмзэг байдлыг харуулж байна.

Олон улсын Зэс судлалын группийн мэдээлснээр 2026 оны эхний хагаст дэлхийн зэсийн уурхайн үйлдвэрлэл 1.1 хувиар буурчээ. Чилийн үйлдвэрлэл 6.6 хувиар, Индонезийн баяжмалын үйлдвэрлэл 32 хувиар буурсан бол Grasberg уурхай үйлдвэрлэлийн хязгаарлалтад хэвээр байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Kamoa-Kakula уурхайд болсон газар хөдлөлтийн улмаас баяжмалын үйлдвэрлэл 34 хувиар буурсан байна.

Оны эхэнд зэсийн уурхайн нийлүүлэлт өснө гэж таамаглаж байсан Morgan Stanley одоо нийлүүлэлт тогтвортой байх эсвэл бага зэрэг буурах төлөвтэй гэж үзэж байна. Хэрэв ийм таамаг биелбэл 2026 он 2017 оноос хойш дэлхийн зэсийн уурхайн үйлдвэрлэл буурсан анхны жил болох юм. Энэ нь арав гаруй жилийн өмнөх хөрөнгө оруулалтын бууралт болон 2030 оноос өмнө үйлдвэрлэлд мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэр болох шинэ төслүүдийн хомсдолтой холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Өндөр үнэ нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд одоогоор хязгаарлагдмал нөлөө үзүүлж байгаа аж. Үүний нэг жишээ нь Collahuasi уурхай зогсонги байдалд байсан уусган баяжуулах үйлдвэрээ дахин ажиллуулж, жилд ердөө 6,000 тонн катодын зэс үйлдвэрлэхээр болсон явдал юм.

Алтны уурхайн компаниудын хувьцаа зэс үйлдвэрлэгчдээс харьцангуй бага хэмжээгээр буурсан байна. Дэлхийн томоохон алт олборлогч Newmont-ийн хувьцаа 2 хувиас бага хэмжээгээр буурч, компанийн зах зээлийн үнэлгээ 132 тэрбум ам.доллар орчимд хадгалагдсан байна. Agnico Eagle-ийн хувьцаа бараг 3 хувиар буурч, сарын турш давсан 100 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээний босгоос доош оржээ.

Equinox Gold болон AngloGold Ashanti-ийн хувьцаанууд тус бүр 4 хувиар буурч, Kinross Gold болон Pan American Silver мөн ойролцоогоор ижил хэмжээгээр унасан байна. Роялти болон стриймингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд ч мөн үнэт металлын үнийн сулралын нөлөөгөөр буурчээ.

Алтны үнэ есдүгээр сарын ихэнх хугацаанд унци нь 4,400 ам.долларын орчимд хэлбэлзэж байгаа. Наймдугаар сард АНУ-ын төсвийн алдагдал, өрийн дарамт нэмэгдэж, улмаар ам.долларын үнэ цэнэ урт хугацаанд сулрах магадлалтай гэсэн хүлээлтээр алт ойролцоогоор 10 хувиар өссөн юм.

Гэвч лхагва гарагт АНУ-ын Сангийн яам урт хугацаатай өрийн хэрэгслүүдээс 6 тэрбум хүртэлх ам.долларын хэмжээгээр эргүүлэн худалдан авах төлөвлөгөө зарласан нь зах зээлийн зарим оролцогчдын хүлээлтээс доогуур байв. Үүний дараа урт хугацаатай бондуудын борлуулалт үргэлжилж, алтны өсөлтөд дарамт болсон байна.

UBS-ийн стратегич Жони Тевесийн үзэж буйгаар Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ нэмбэл алтны үнэ богино хугацаанд огцом засвар хийх магадлалтай боловч энэ нь алтны урт хугацааны сэргэлтийг зогсоох хэмжээнд хүрэхгүй. Харин хүүгээ хэвээр хадгалбал алтны үнэ илүү хүчтэй өсөх боломжтой гэж тэр тэмдэглэжээ.

Мумбай хотын үнэт металлын арилжаач Augmont Enterprises компанийн судалгааны захирал Рениша Чайнани алтны үнэ ойрын хугацаанд 4,300-4,500 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж таамаглаж, үнэ буурах үед худалдан авч, өсөх үед борлуулах тактик давамгайлна гэж үзсэн байна.

Пүрэв гарагийн уналтын дараа зэсийн үнэ 2026 оны эхнээс 16 хувийн өсөлттэй хэвээр байгаа ч өмнөх өдрийн түүхэн дээд хаалтын үнээс ойролцоогоор 5 хувиар доогуур түвшинд хүрлээ. Алтны үнэ он гарснаас хойш 2 хувийн өсөлттэй байгаа боловч нэгдүгээр сард тогтоосон 5,419 ам.долларын дээд хаалтын үнээс 19 хувиар доогуур байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000