Тус улсын Ерөнхийлөгч Jose Antonio Kast-ын засаг захиргаанаас санаачилсан уг хуулийн төсөл нь жижиг хэмжээний хайгуул болон инновацын компаниудад зориулсан хөрөнгө оруулалтын тусгай тогтолцоог бүрдүүлж байгаа юм. Энэхүү шинэчлэл нь зах зээлд нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, үйл ажиллагааны зардлыг бууруулах, мөн дотоодын зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн Чили улсын бүс нутгийн санхүүгийн төв болох байр суурийг бэхжүүлэх зорилготой ажээ.
"Хайгуул бол уул уурхайн зүрх боловч энэ нь маш өндөр эрсдэлтэй үе шат юм. Уул уурхайн хайгуулыг хөрөнгийн зах зээлтэй холбосноор бид уг эрсдэлийг ухаалгаар төрөлжүүлж, ашигт ажиллагаа болон тогтвортой байдлыг эрэлхийлж буй дэлхийн болон дотоодын хөрөнгө оруулалтын сангуудыг татаж байна" гэж тус улсын Эдийн засаг, уул уурхайн сайд Даниэль Мас мэдэгдэв.
Санал болгож буй зохицуулалтын дагуу шаардлага хангасан жижиг компаниуд үндэсний Үнэт цаасны бүртгэлд заавал бүртгүүлэх уламжлалт шат дамжлагыг алгасаж, өөрсдийн хөгжлийн үе шатанд тохирсон хөнгөвчилсөн зохицуулалтын дэглэмийг ашиглах боломжтой болно. Үүний оронд компаниуд хууль тогтоомжийн хэрэгжилт болон мэдээллийн ил тод байдлыг тасралтгүй хангах үүрэг бүхий томилогдсон ивээн тэтгэгч зуучлагчийн (sponsoring agent) удирдлага дор ажиллах юм.
Хөрөнгө оруулагчдыг татахын тулд уг багц хуульд санхүүгийн гол хөшүүргүүдийг тусгасан байна. Үүнд хувьцаа борлуулсны орлогыг хөрөнгийн орлогын албан татвараас чөлөөлөх болон хөрөнгө оруулагчдад шинэ талбайн хайгуулын зардлаа татвараас хасаж тооцуулах механизмыг тус тус тусгажээ.
Түүнчлэн уг хуулийн төсөлд байгалийн баялгийн салбараас гадна экспортолж буй санхүүгийн үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн татвараас (НӨАТ) чөлөөлөх, Чилийн оршин суугч бус хөрөнгө оруулагчдын татварын хөнгөлөлтийг өргөжүүлэх зэрэг заалтууд багтсан байна. Мөн анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд хөнгөвчилсөн нөхцөл олгох, сайн дурын тэтгэврийн хуримтлалын татварын урамшууллыг өргөжүүлэх зэрэг нийгмийн шинжтэй өргөн хүрээний зохицуулалтуудыг тусгажээ.
Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал, хөнгөвчилсөн тогтолцооны ачаар хувийн хөрөнгө оруулагчид геологийн хайгуулын эхэн үеийн эрсдэлийг үүрэх боломжтой болно гэж засгийн газрын албаны хүмүүс үзэж байна. Энэ нь эцсийн дүндээ урт хугацааны татварын орлого, роялти (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) болон ажлын байрны өсөлтийг авчрах шинэ ашигт малтмалын ордуудыг нээх хөдөлгүүр болох юм.
