Рио Тинто группын хувьд Монгол дахь зэсийн уурхайн олборлолт нь төмрийн хүдрийн тасалдал болон нэмэгдэж буй геополитикийн эрсдэлийг нөхөж байгаа тул эхний улиралд олборлолт сайжирсан гэж мэдээлэв.
Зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9%-иар өсч 229,000 тоннд хүрсэн нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж хүлээлтээс давсан.
"Энтре"-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой тодорхойгүй байдал нь "Энтре Ресорсез"-ээс "Рио Тинто" -гийн дийлэнх хувийг нь эзэмшдэг "Оюу Толгой" ХХК-д Шивээ Толгой болон Жавхлант нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажил хойшлогдож байгаатай холбоотой юм. Энэхүү саатал нь 2025 оны эхнээс хойш хамтарсан үйлдвэрийн бүсийн зарим хэсэгт далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоож, уурхайн уулын ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахад хүргэсэн бөгөөд энэ нь цаашдын зэсийн олборлолтын өсөлтийн хурдад тодорхойгүй байдал үүсгээд байна.
"Рио Тинто" -ийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт уг тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөц нь ойрын хугацааны уурхайн өргөтгөлийн гол хөдөлгөгч хүч гэж тодорхойлоод, “Оюутолгойн зэсийн уурхайн үйл ажиллагаа төлөвлөсний дагуу үргэлжлэн өргөжиж байна” гэж хэлжээ.
Тусгай зөвшөөрлийн маргаан нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс 18 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслөөс (өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох) ногдол ашгийг хугацаанаас нь өмнө авах, өгөөжийн хувийг нэмэгдүүлэх зэргээр төслийн нөхцөлийг сайжруулахыг шаардаж буй үед гарч байна. Ирэх жилүүдэд зэсийн жилийн олборлолтоо 500,000 тоннд хүргэх зорилт тавьсан Рио Тинто компанийн хувьд энэхүү хэлэлцээ нь хамгийн чухал өсөлтийн хөдөлгүүрүүдийнх нь нэг гэдэг нь тодорхой юм.
Рио Тинто-гийн зэсийн олборлолт нэмэгдсэн нь дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Чилийн "Эскондида" (Escondida) зэрэг ордуудын агуулгын бууралтыг нөхөж, цахилгаанжуулалттай холбоотой металлын олборлолтыг өргөжүүлэх ерөнхий стратегийг нь тодотгож байна.
Энэ нь тус компанид бүтэн жилийн зэсийн үйлдвэрлэлийн төлөвөө 800,000-аас 870,000 тонн хэвээр нь хадгалах боломжийг олгосон бөгөөд Оюутолгойн олборлолт тасралтгүй нэмэгдэж байгаа нь энэ зорилтоо биелүүлэх гол хүчин зүйл болж байна.
Харин төмрийн хүдрийн гүйцэтгэл харилцан адилгүй байлаа. Пильбара (Pilbara) дахь олборлолт 13 хувиар өсөж 78.8 сая тоннд хүрсэн боловч хар салхины улмаас тээвэрлэлт тасалдаж, 72.4 сая тонны борлуулалт хийсэн нь шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Рио Тинто бүтэн жилийн тээвэрлэлтийн төлөвлөгөөгөө (338 сая тонн) хэвээр үлдээсэн байна.
Гвиней дэх Симандоу (Simandou) төслийн олборлолт үйлдвэрлэлийн явцын хэлбэлзлээс шалтгаалан таамаглалаас зөрсөн хэдий ч "Симфер" (Simfer) уурхай анхны олборлолтоо хийж, энэ сард Хятад руу анхны ачилтаа илгээгээд байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөн оны хоёрдугаар хагаст хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа бөгөөд дизель түлш болон онгоцны түлшний хомсдол нь үйл ажиллагаа болон ложистикт эрсдэл учруулж болзошгүйг Рио Тинто анхаарууллаа.
Тротт мэдэгдэлдээ "Бид Ойрх Дорнодод өрнөж буй нөхцөл байдлыг анхааралтай ажигласаар байна" гээд, болзошгүй эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөө гаргасан болохоо нэмж дурджээ. Тус компани жил бүр ойролцоогоор 1.6 тэрбум литр дизель түлш хэрэглэдэг бөгөөд шатахууны үнийн өсөлт нь зардлыг огцом өсгөөд байна. Шинжээчид түлшний нийлүүлэлтийг үйл ажиллагааны гол эрсдэл гэж тэмдэглэсэн боловч тээвэрлэлтийн тасалдал хараахан гараагүй байна.
Рио Тинто групп адаад нөхцөл байдлыг үл харгалзан компани төмрийн хүдэр, хөнгөн цагаан, литийн 2026 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө хэвээр хадгалж, 5-р сарын 6-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийнэ.



