Энэ байгууламж нь Европын хамгийн том бордоо үйлдвэрлэгчдийн нэгээс ялгарч буй утааг бууруулж, барьж авсан нүүрстөрөгчийг Норвеги руу тээвэрлэх болно гэж “Yara” компани мэдэгдсэн байна.
Нидерландын Sluiskil хот дахь энэ үйлдвэр нь азотын бордоо (nitrogen fertilizers) болон аж үйлдвэрийн зориулалттай химийн бодисуудыг голчлон үйлдвэрлэдэг.
Тус үйлдвэр бордооны үндсэн түүхий эдээ нүүрсний давхаргын метан хий, байгалийн хий, ус болон байгалийн эрдэс чулуулгийг хооронд нь химийн урвалд оруулж, ургамалд нэн шаардлагатай азотын бордоог гаргаж авдаг байна.
“Yara Sluiskil” нь шинээр хөгжүүлсэн нүүрстөрөгч барих үйлдвэрийн төслийнхөө хүрээнд 2026 оноос эхлэн жилд 800,000 тонн хүртэлх CO2-ыг барьж авч, шингэн төлөвт шилжүүлэх юм. Уг нүүрстөрөгчийг тээвэрлэлт, хадгалалтын оператор “Northern Lights” компани Норвегийн шельф дэх далайн ёроолоос 2.6 км (1.6 миль) гүнд тээвэрлэн байршуулж, хадгалах ажээ.
“Yara” компани 15 жилийн хугацаанд тус үйлдвэрээс ойролцоогоор 12 сая тонн CO2-ыг зайлуулна гэж тооцоолж байна.
Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре (Jonas Gahr Stoere) хэлэхдээ, Sluiskil төсөл нь шинжлэх ухааны хувьд дэвшилтэт бөгөөд арилжааны хувьд ашигтай шийдлийг санал болгож байна гэлээ.
Европын Холбоо нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг тэглэх (net-zero) зорилтдоо хүрэхийн тулд, ялангуяа нүүрстөрөгч бага ялгаруулдаг туршигдсан өөр технологийн хувилбар одоогоор байхгүй байгаа химийн үйлдвэрлэл зэрэг аж үйлдвэрийн салбарт нүүрстөрөгч барих технологийг ашиглахаар төлөвлөж байна.
Гэвч арилжааны хувьд ашигтай эсэх тухай асуултууд болон байгаль орчныг хамгаалагчид, зарим засгийн газруудын эсэргүүцлийн улмаас уг технологи Европт олон арван жилийн турш бэрхшээлтэй тулгарсаар ирсэн юм. Шүүмжлэгчид CCS технологи нь компаниудад ирээдүйд утааг багасгана гэж амлах замаар газрын тос, хийн үйлдвэрлэлээ үргэжлүүлэх боломжийг олгодог гэж үзэж байна.



