Нүүрсний зах зээл дэх үнийн өсөх хандлага өнгөрсөн долоо хоногт ч хадгалагдав. Европ болон Хятадад эрчим хүчний нүүрсний үнэ өссөн бол Австралийн эрчим хүчний болон коксжих нүүрсний үнийн жишиг огцом дээшилжээ.
Европын зах зээл
АНУ-Ираны мөргөлдөөн даамжирч, Хормузын хоолойгоор дамжих шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) нийлүүлэлтэд саад учирснаар Европын зах зээл дэх эрчим хүчний нүүрсний индекс 137 ам.доллар/тн-оос давж, сүүлийн 3 сарын хамгийн дээд цэгтээ хүрэв.
Германы Эдийн засаг, уур амьсгалын яам салхины эрчим хүч багасах үеэр үнийн огцом өсөлтийг намжаах зорилгоор нөөцөд байгаа нүүрсний цахилгаан станцуудыг ашиглах боломжийг судалж байна. Герман улс сүлжээний хэт ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд одоогоор 7 ГВт орчим чулуун нүүрсний хүчин чадлыг нөөцөд барьж байгаа аж.
Өмнөд Африк
Өмнөд Африкийн өндөр илчлэгтэй High-CV 6,000 маркийн нүүрсний үнэ Энэтхэгийн шууд ангижруулсан төмөр (sponge iron) үйлдвэрлэгчдийн эрэлт болон Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас сүүлийн 2 сарын дээд цэгт хүрээд, 124 ам.доллар/тн-оос давлаа. Энэтхэг улсад борооны улирлын дараа дотоодын нийлүүлэлтийн хязгаарлалт болон хөвөн төмрийн үнийн өсөлтөөс шалтгаалан эрэлт тогтвортой байна.
"Transnet" компани 8-р сарын 21-нд 29 вагон замаас гарч, хоёр шугамыг хоёуланг нь хаахад хүргэсэн ослын дараа Ричардс Бэй нүүрсний терминал (RBCT) руух төмөр замын хөдөлгөөнийг бүрэн сэргээв. Хойд коридорын хоёр шугам одоо ажиллаж байгаа бөгөөд сүлжээг тогтворжуулахад анхаарч байна.
Хятадын зах зээл
Хятадын Циньхуандао боомт дээр 5,500 NAR эрчим хүчний нүүрсний спот үнэ нөөц багассан болон спот нийлүүлэлт хумигдсаны улмаас 132 ам.доллар/тн-оос давж өслөө. Үйлдвэрлэлийн улирлын чанартай өсөлтийн өмнө химийн болон цементийн үйлдвэрүүдийн нөөцөө бүрдүүлэх тогтвортой эрэлт үнийн өсөлтийг дэмжсэн байна. Түүнчлэн Хятадын зохицуулах байгууллагууд төрийн өмчит нүүрсний уурхайнуудын аюулгүй байдлын хяналтыг чангаруулахаар шийдвэрлэсэн нь нийлүүлэлтийн тасалдлыг уртасгаж болзошгүй байна.
Нүүрсний уурхайнуудад батлагдсан квотоос 30% давуулан үйлдвэрлэхийг зөвшөөрөх тухай хэлэлцээ (одоогийн хязгаарлалт 10%) Эрчим хүчний үндэсний газар болон Уурхайн аюулгүй байдлын газар хоорондоо тохиролцоонд хүрч чадаагүйгээс гацав. Энэ нь аюулгүй байдлын асуудал болон зохицуулах эрх мэдлийн маргаанаас үүдэлтэй. Дүрэм журмыг ингэж чанга мөрдүүлэх болсон нь уурхайнууд өмнө нь батлагдсан хэмжээнээсээ системтэйгээр 20–50% давуулан олборлодог байсан хуучин практикаас ихээхэн өөрчлөгдсөнийг харуулж байна.
Хятадын 9 гол боомт дахь нүүрсний нөөц 23.94 сая тн болж буурсан бол (долоо хоногийн дотор -2.08 сая тн), далайн эргийн 6 гол дулааны цахилгаан станцын нөөц 14.19 сая тн (долоо хоногийн дотор +0.09 сая тн) байна.
Индонез улс
Индонезийн 5,900 GAR нүүрсний үнэ 107 ам.доллар/тн-оос давж, 4,200 GAR нүүрсний үнэ олборлолтын хүчин чадал болон усан тээврийн саатлаас шалтгаалан 69 ам.доллар/тн дөхөж өслөө. Хуурайшилтын улиралд Эль-Ниньо үзэгдэл эрчимжсэнээр Индонезийн нүүрс тээвэрлэлтийн гол замуудын усны түвшин буурч, чирэгч онгоцны хөдөлгөөнд саад учруулан, далайгаар тээвэрлэх эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийг бууруулж байна. Үүнээс гадна үйлдвэрлэгчид олборлолтын квотын зөвшөөрөл авах явцад сааталтай тулгарсаар байна.
Одоогийн байдлаар зарим үйлдвэрлэгчид давагдашгүй хүчин зүйл зарлахаас татгалзаж, хуримтлуулсан нөөцдөө найдан, ачилтаа хойшлуулж байна. Төв Калимантан дахь зарим компаниудын хувьд усан тээвэр бүрэн зогсчээ. Зүүн Калимантанд нөлөөлөл нь арай бага байна. Харин Өмнөд Калимантанд нэгэн томоохон үйлдвэрлэгч чирэгч онгоцны ашиглалтын үр ашиг 10–12%-иар буурсан гэж мэдээлэв. Индонезийн Цаг уур, уур амьсгал, геофизикийн агентлаг хуурай нөхцөл байдал 2027 оны 1-р улирал хүртэл үргэлжилж магадгүй гэж анхааруулжээ.
Австрали
Австралийн өндөр илчлэгтэй High-CV 6,000 нүүрсний үнэ 144 ам.доллар/тн-оос дээш гарлаа. Өнгөрсөн долоо хоногт 11-р сард ачих тогтвортой үнэтэй өндөр илчлэгтэй нүүрсний тээвэрлэлтэд худалдан авагчдын сонирхол маш өндөр байв.
Үүний зэрэгцээ, Ньюкасл боомт дахь "Newcastle Coal Infrastructure Group" (NCIG) терминалын ачих ажиллагаа түр зуурын ажил хаялтаас болж тасалдсан бөгөөд энэ долоо хоногт хөлөг онгоцнуудын хүлээх хугацаа дунджаар 8 хоног байна.
Австралийн HCC маркийн коксжих нүүрсний индекс үргэлжлэн бэхжиж, 275 ам.доллар/тн хүрлээ. Хятад улсад аюулгүй байдлын шалгалтаас шалтгаалан дотоодын нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа бөгөөд Хятадын зүгээс Монгол нүүрсний эрэлт өндөр хэвээр байна.
Монгол улс
Оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт 68.3 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 53.8%-иар өсөөд байна. Монгол улсын Засгийн газраас энэ жил Хятад улсад нийт 90-65 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд логистикийн хүндрэл гарахгүй бол энэ оны төгсгөл рүү 100-110 сая тонн нүүрс экспортлоно гэсэн хүлээлттэй байна.



