USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Азийн хувьцааны зах зээл сэргэж, газрын тосны үнэ өсөв
Эдийн засаг

Азийн хувьцааны зах зээл сэргэж, газрын тосны үнэ өсөв

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн хүчтэй үзүүлэлт дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг дэмжинэ гэсэн хүлээлт Азийн хувьцааны зах зээлд сэргэлт авчирлаа. Гэсэн хэдий ч АНУ, Ираны хооронд Персийн буланд гарсан мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ өсөж, инфляц болон төв банкуудын бодлогын төлөвт тодорхойгүй байдал нэмэгдэв.

Азийн хувьцааны зах зээл сэргэж, газрын тосны үнэ өсөв

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 7

Хуваалцах:

Иран ойрын өдрүүдэд Ормузын хоолойн гадна хэсэгт хязгаарлагдмал бүс зарлахаа мэдэгдсэн байна. Үүний өмнө АНУ-ын хүчнийхэн Ираны гурван нефтийн танкер руу цохилт өгч, Ираны Исламын хувьсгалын гвардийн корпус АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц руу баллистик пуужин харважээ.

Мөргөлдөөний эрсдэл нэмэгдсэнээр Brent төрлийн нефтийн үнэ 0.2%-иар өсөж, баррель нь 96.45 ам.долларт хүрэв. Brent өнгөрсөн долоо хоногт бараг 10%-иар өссөн байна. Харин АНУ-ын WTI нефтийн үнэ 0.4%-иар нэмэгдэж, 91.85 ам.доллар болов.

Нефтийн үнийн өсөлт инфляцад дарамт үзүүлэх төлөвтэй байгаа нь энэ долоо хоногт нийтлэгдэх АНУ-ын хэрэглээний үнийн индексийн үзүүлэлтийн ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Мөн Европын Төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ 2.75% хүртэл нэмэгдүүлэх нь бараг тодорхой гэж зах зээл үзэж байгаа бол арванхоёрдугаар сар гэхэд дахин 3.0% хүргэх магадлалыг фьючерсийн зах зээл 75% гэж үнэлжээ.

Европын хөрөнгийн зах зээлд төв банкны хатуу бодлого үргэлжлэх эрсдэл нөлөөлж, EUROSTOXX 50 болон DAX-ийн фьючерс 0.1%-иар буурсан бол FTSE-ийн фьючерс бараг өөрчлөлтгүй байв.

Азид харин зах зээл сэргэв. Японы Nikkei 2.0%, Өмнөд Солонгосын Kospi 3.0%-иар өсөж, Японоос бусад Ази, Номхон далайн бүсийн хувьцааны MSCI индекс 0.9%-иар нэмэгджээ.

АНУ-ын Төрийн сангийн 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.784% орчимд хүрсэн нь 2023 оны сүүлээс хойших хамгийн өндөр түвшинд ойртсон байна. Хэрэв АНУ-ын наймдугаар сарын хэрэглээний үнийн индекс хүлээлтээс өндөр гарвал өгөөж 5%-ийн босго руу ойртох эрсдэлтэй.

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хөдөлмөрийн зах зээлийн эерэг мэдээллийн дараа есдүгээр сарын 16-ны хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлалыг зах зээл 58%, аравдугаар сард нэмэгдүүлэх магадлалыг 70% гэж тооцож байна.

Харин валютын зах зээлд ам.долларын индекс 99.135-д хүрсэн бол евро 1.1614 ам.доллар орчимд тогтжээ. Ам.доллар иентэй харьцахдаа 156.07 иен болсон байна.

Түүхий эдийн зах зээлд алтны үнэ 4,426 ам.доллар/унци орчимд тогтвортой байв. Өнгөрсөн долоо хоногт алт 4,282 ам.доллар хүртэл буурсан ч энэ түвшнээс дэмжлэг авч сэргэжээ.



Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000