Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Baowu компани тус төслийн BHP-ийн эзэмшиж буй хувьцаанаас 15%-25%-ийг худалдан авах хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Одоогоор хувьцааны үнэлгээ болон бусад мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд хараахан тодорхой болоогүй байна.
Тус уурхайн 85%-ийг BHP эзэмшдэг бөгөөд Японы худалдааны "Itochu" болон "Mitsui" компаниуд үлдсэн цөөнх хувийг эзэмшдэг. Уурхай анх 2014 онд нээгдэх үед BHP өөрийн эзэмших хувиа 3.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй хэмээн тодорхойлж байжээ.
Уг уурхай нь 2026 оны санхүүгийн жилд BHP-д зориулж ойролцоогоор 62.5 сая тонн төмрийн хүдэр олборлосон бөгөөд энэ нь өнөөгийн зах зээлийн ханшаар 6.2 тэрбум ам.доллартай тэнцэнэ. Энэ нь ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн BHP-ийн нийт гарцын бараг дөрөвний нэгийг бүрдүүлж байгаа юм.
Энэхүү хэлцэл нь сүүлийн үед Хятадын төрийн өмчит худалдааны компани болох "China Mineral Resources Group" (CMRG) болон BHP компаниудын хооронд үүссэн худалдааны маргаантай холбоотой асуудлуудыг нааштай шийдвэрлэх нэг алхам болж магадгүй гэж судлаачид таамаглаж байна.
CMRG нь гангийн үйлдвэрүүдийг төлөөлөн төмрийн хүдрийн уурхайнуудтай хийх хэлэлцээрийг удирдах болсон бөгөөд гэрээний хэлэлцээрийн үеэр уурхайнуудаас хөнгөлөлт авахын тулд үйлдвэрүүдэд зарим нэг бүтээгдэхүүнийг худалдаж авахыг удаа дараа хориглож байсан юм.
BHP болон CMRG нар 6 сар гаруй үргэлжилсэн маргаанаа өнгөрөгч 4 дүгээр сард шийдвэрлэснээр, гангийн үйлдвэрүүд "хар жагсаалт"-д ороод байсан зарим ачааг, түүний дотор Жимблебарын нарийн ширхэгтэй хүдрийг (Jimblebar fines) үргэлжлүүлэн худалдаж авах үүд хаалга нээгдсэн юм.
Мөн уурхайнууд Жимблебар шиг аль хэдийн тогтворжсон уурхайнуудын хувьцааг зарахаас илүүтэй, эрсдэлээ хуваалцах үүднээс шинэ төслүүдийнхээ хувьцааг зарах хандлагатай байдаг.
Baowu компани өмнө нь Австралийн уурхайнуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бөгөөд үүний дотор 2022 онд "Rio Tinto" компанитай Баруун Австралийн Пилбара бүсэд 2 тэрбум ам.долларын өртөгтэй төмрийн хүдрийн уурхайг хамтран хөгжүүлэх гэрээ байгуулж байжээ.
Австрали улс нэгэн цагт Хятадын корпорациудын хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл байсан боловч Канберрагийн зүгээс үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятадын лити болон газрын ховор элементийн худалдан авалтуудыг хаасантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар ирсэн.



