BHP-ийн Худалдаа, арилжаа хариуцсан захирал Рагнар Удд 2027 оны хоёрдугаар сарын 1-нээс Albemarle компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авч, одоогийн CEO Кент Мастерсыг залгамжилна. Харин Мастерс гүйцэтгэх ТУЗ-ийн дарга болох юм.
Энэхүү томилгоо нь BHP компани Удд нэгдүгээр сарын эцэст дэлхийн хамгийн том уул уурхайн компани дахь албан тушаалаасаа бууна гэж мэдэгдсэнээс ердөө нэг хоногийн дараа гарч байна.
Albemarle-ийн ТУЗ-ийн хараат бус ахлах захирал Жералд Штайнер “Раг байгалийн баялгийн салбарын худалдаа, арилжаа болон үйл ажиллагааны чиглэлээр өргөн туршлагатай. Тэрээр дэлхийн худалдааны стратегийг амжилттай удирдаж, нарийн төвөгтэй бизнесүүдийн өсөлтийг сахилга баттайгаар ахиулж ирсэн. Тиймээс манай тэргүүлэх активууд болон үйл ажиллагааны чадавхыг ашиглан хувьцаа эзэмшигчдэд урт хугацааны үнэ цэн бий болгох зөв удирдагч мөн гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.
Раг Удд Австрали, Ази, Хойд болон Өмнөд Америкт байгалийн баялгийн бизнесүүдийг удирдсан 25 гаруй жилийн туршлагатай. Эдгээр бүс нутаг нь Albemarle-ийн үйл ажиллагааны дэлхийн цар хүрээтэй ихээхэн дүйцдэг.
BHP-ийн Худалдаа, арилжаа хариуцсан захирал бөгөөд компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүний хувьд Удд дэлхийн борлуулалт, маркетинг, худалдан авалт, далайн тээвэр болон түүхий эдийн зах зээлийн стратегийг хариуцан ажилладаг.
Түүний өмнөх албан тушаалд Америк тив хариуцсан ерөнхийлөгч багтдаг бөгөөд энэ үед тэрээр BHP-ийн зэс болон калийн бизнесүүдийг удирдаж байв. Мөн түр хугацаанд Технологийн захирлын үүрэг гүйцэтгэж, BHP Mitsubishi Alliance-ийн ерөнхийлөгч, Баруун Австралийн төмрийн хүдрийн бизнесийн ложистик, дэд бүтэц хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
“Albemarle-ийн дараагийн гүйцэтгэх захирлаар нэрлэгдсэндээ баяртай байна. Albemarle нь дэлхийн хэмжээний байгалийн баялгийн нөөц, гүнзгий техникийн мэдлэг, харилцагчидтайгаа тогтоосон бат бөх түншлэлийн харилцаатай компани” хэмээн Удд хэлсэн байна.
Тэрээр Кент Мастерс, компанийн удирдлагын баг болон ТУЗ-тэй хамтран ажиллаж, Albemarle-ийн Эрчим хүч хадгалах систем болон Тусгай зориулалтын бүтээгдэхүүний бизнесүүдийг цаашид хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Уддыг томилсон нь Albemarle-ийн ТУЗ-өөс хэрэгжүүлсэн удирдлагын залгамж халааны иж бүрэн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Литийн салбар зах зээлийн мөчлөгийн шинэ үе рүү шилжиж буй энэ үед үйл ажиллагаа болон түүхий эдийн зах зээлийн аль алинд туршлагатай удирдлагыг сонгосон байна.
Удд Albemarle-д ажиллаж эхлэх үед Кент Мастерс гүйцэтгэх ТУЗ-ийн даргын албан тушаалд шилжинэ. Ингэснээр удирдлагын шилжилтийн үеэр компанийн стратегийн залгамж чанарыг хадгалах нөхцөл бүрдэх юм.
Шинэ албан тушаалдаа Мастерс ТУЗ-ийн засаглалын асуудлыг удирдаж, стратегийн төлөвлөлтөд оролцон, удирдлагын шилжилтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Тэрээр Albemarle-ийн 2027 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг дуустал гүйцэтгэх ТУЗ-ийн даргаар ажиллах төлөвтэй байгаа бөгөөд үүний дараа ТУЗ түүний албан тушаалыг захирлуудын нэр дэвшүүлэх жилийн үйл явцын хүрээнд дахин хэлэлцэнэ.
“Кент Albemarle-ийг өнөөдрийн салбарын тэргүүлэгч компани болгон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр компанийн стратегийг боловсруулахад голлох хувь нэмэр оруулж, зах зээлийн мөчлөг бүрийн турш сахилга баттай хэрэгжилтийг хангаж ирсэн” хэмээн Штайнер онцолжээ.
Мастерс мөн компанийн удирдлагыг Уддад шилжүүлэх цаг нь болсон бөгөөд шилжилтийн хугацаанд залгамжлагчтайгаа нягт хамтран ажиллана гэдгээ хэлсэн байна.
“Бид хамтдаа хүрсэн амжилтаараа бахархаж байна. Одоо компанийн удирдлагыг Рагт шилжүүлэх зөв цаг гэж үзэж байна. Тэр Albemarle-ийн ирээдүйг удирдах бүрэн боломжтой хүн” хэмээн Мастерс хэлжээ.
Уддын хувьд энэхүү томилгоо нь уул уурхайн салбарын хамгийн том, төрөлжсөн компани болох BHP-ээс дэлхийн хамгийн том литийн үйлдвэрлэгчийн гүйцэтгэх захирлын албан тушаалд шилжиж буйг харуулж байна. Энэ нь эрчим хүч хадгалах системийн хэрэглээ хурдацтай нэмэгдэж, батарейн гол түүхий эд болох литийн эрэлтийг шинэ түвшинд хүргэж буй үетэй давхцаж байна.



